МАТАЙ 7:1-29

МАТАЙ 7:1-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү. Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ. Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл, өөрийн чинь нүдэнд дүнз байх атал ах дүүстээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж хэлнэ гэж үү? Хоёр нүүрт хүн чи, эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно. Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайны өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж чамайг хэсэглэн тастчих вий. Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу? Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн. Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог. Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаггүй биз дээ? Үүнчлэн сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин муу модноос муу үр жимс ургадаг. Сайн мод муу үр жимс ургуулж үл чадна, муу мод ч сайн үр жимс ургуулж үл чадна. Сайн үр жимс ургуулдаггүй аливаа модыг огтолж галд хаядаг. Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина. Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр Надад олон хүн “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?” гэж хэлэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ. Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үл үйлддэг аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүйрлэгдэнэ. Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв. Тэгээд Есүсийг үгээ хэлж гүйцмэгц олон түмэн Түүний сургаалыг гайхаж байлаа. Тэр хуулийн багш нар шиг нь бус, эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв.

Хуваалцах
МАТАЙ 7 унших

МАТАЙ 7:1-29 Ариун Библи 2013 (АБ2013)

Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл, нүдэнд чинь дүнз байгаа атал ах дүүдээ “Нүднээс чинь тэр үртсийг аваад өгье” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно. Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайн өмнө бүү хая. Тэд түүнийг хөл дороо гишгэчихээд, эргэж та нарыг хэсэглэн тасчих вий. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могой өгнө гэж үү? Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэр дэх Эцэг чинь Өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай бус уу? Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй. Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийш ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог. Хонины арьс нөмрөн та нар дээр ирэх хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Дотроо харин тэд хомхой чононууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, халгайнаас инжир хураадаг гэж үү? Үүнчлэн сайн мод бүр сайн жимс гаргадаг бол муу мод муу жимс гаргадаг. Сайн мод муу жимс эс гаргана, муу мод ч сайн жимс эс гаргана. Сайн жимс гаргадаггүй аливаа модыг огтолж галд хаядаг. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь танина. Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэр өдөр Надад олноороо “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үйлдэж байсан бус уу?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд “Би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл” гэж хэлнэ. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхи салхилж, байшинг нүдсэнд тэр нь нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв. Тэгээд Есүсийг үгээ гүйцээмэгц ард олон сургаалыг нь гайхаж байлаа. Тэр хуулийн багш нар шиг бус, эрх мэдэлтэй Нэгэний хувьд тэдэнд зааж байв.

Хуваалцах
МАТАЙ 7 унших

МАТАЙ 7:1-29

МАТАЙ 7:1-29 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна