МАТАЙ 6:26-33

МАТАЙ 6:26-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ? Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм. Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? Тиймээс “Бид юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, эсвэл “Юу өмсөх билээ” гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.

Хуваалцах
МАТАЙ 6 унших

МАТАЙ 6:26-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ? Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл ч хийдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм. Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслахгүй гэж үү, өчүүхэн итгэлтнүүд ээ? Тиймээс “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?” эсвэл “Юу өмсөх билээ” гэж санаа бүү зов. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин тэнгэрлэг Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.

Хуваалцах
МАТАЙ 6 унших