МАТАЙ 27:1-61
МАТАЙ 27:1-61 Ариун Библи 2013 (АБ2013)
Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн, Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв. Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосыг ахлах тахилчид болон ахлагчдад буцаан өгч — Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв. Иудас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад, зайлан явж, өөрийгөө дүүжилжээ. Ахлах тахилч нар мөнгөн зоосыг авч —Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв. Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр ваарчны талбайг худалдан авч, гаднынхныг тавьдаг газар болгов. Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст талбай» хэмээгдэх болжээ. Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ, гучин мөнгөн зоосыг тэд авч, Эзэний надад айлдсан ёсоор ваарчны талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ. Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд ямар олон зүйл Таны эсрэг гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд ганц ч үг хариулсангүйд захирагч ихэд гайхжээ. Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг суллаж заншсан байв. Тэр үед тэдэнд Бараб гэгч зард гарсан хоригдол байлаа. Тэгээд олныг цуглахад Пилат тэдэнд —Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ. Учир нь тэд атаархсандаа Түүнийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ. Гэвч ахлах тахилч нар ба ахлагчид Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгө хэмээн ард олныг ятгасан байлаа. Захирагч тэдэнд —Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд —Барабыг гэцгээлээ. Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв. Пилат —Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ? гэж асуусанд харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ. Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч, Түүн уруу бүтэн анги цуглуулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон, Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг тайлж, хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавалын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хүрч ирээд, цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй. Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч, суугаад тэндээ Түүнийг харгалзаж байв. Тэд тэргүүн дээр нь «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж ялыг нь бичсэн пайз хадлаа. Тэгэхэд Түүнтэй хоёр дээрэмчин, нэг нь баруун, нөгөө нь зүүн талд нь цовдлуулав. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн — Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ. Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар —Ели, Ели, лема сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод —Энэ Елиаг дуудаж байна гэв. Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсны үзүүрт торгоон Түүнд уулгахаар өглөө. Харин бусад нь —Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс дахин чангаар хашхираад амьсгал хураав. Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч, булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж, Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч, ариун хотод орж, олонд харагджээ. Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв. Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэй тэнд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв. Есүсийн шавь байсан Иосеф гэгч Ариматын нэгэн баян хүн орой нь хүрч ирлээ. Тэр хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав. Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож, хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны үүдийг таглаад явжээ. Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.
МАТАЙ 27:1-61 Ариун Библи, 2004 (АБ2004)
Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд, Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав. Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч, — Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв. Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ. Ахлах тахилч нар мөнгөн зооснуудыг авч, —Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв. Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр Ваарчны Талбайг худалдан авч, харийн хүмүүсийг оршуулдаг газар болгов. Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст Талбай» хэмээгдэх болжээ. Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ болох гучин мөнгөн зоосыг тэд авч, Эзэний надад айлдсан ёсоор Ваарчны Талбайг худалдан авав» гэж хэлсэн байжээ. Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ. Захирагч баяраар ард олны хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг заншилтай байв. Тэр үед тэд Бараб гэгч зард гарсан хоригдлыг хорьсон байлаа. Тэгээд ард олныг цуглах үед Пилат тэдэнд —Та нар хэнийг суллуулахыг надаас хүсэж байна? Барабыг уу, эсвэл Христ гэгдэх Есүсийг үү? гэлээ. Учир нь Түүнийг тэд атаархсандаа барьж өгснийг тэр мэдэж байлаа. Пилатыг шүүгчийн суудалд сууж байх үед эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ. Харин ахлах тахилч нар болоод ахлагчид олон түмнийг Барабын төлөө гуйж, харин Есүсийг хөнөөлгөхийг ятгасан байлаа. Захирагч тэдэнд —Энэ хоёрын хэнийг нь суллуулмаар байна? гэхэд тэд —Барабыг гэцгээлээ. Тэгтэл Пилат —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд тэд бүгд л —Түүнийг цовдол гэцгээв. Пилат —Яагаад, Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуусанд харин тэд бүгд —Түүнийг цовдол гэж улам чанга хашхирч байлаа. Пилат энэ нь яавч нэмэргүй, харин ч бүр үймээн самуун дэгдэж эхлэхийг хараад, ус авч, хурсан олны өмнө гараа угаан —Би энэ Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүмүүс —Түүний цус бидний болон бидний үр хүүхдүүдийн дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ. Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон, Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. Тэд гарч явахдаа Курений Симон гэгчтэй тааралдаж түүнийг албадаж Есүсийн загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавлын Газар гэсэн утгатай Голгота гэдэг газарт хүрч ирээд цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв. Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад, суун тэндээ Түүнийг харгалзаж байв. Тэд Түүний толгойн дээр «Энэ бол Есүс, иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайзыг хадлаа. Тэр үед Түүнтэй хамт хоёр дээрэмчин цовдлуулж, нэг нь баруун талд, нөгөө нь зүүн талд байлаа. Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач гэцгээж байлаа. Түүнчлэн ахлагч тахилч нар ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт Түүнийг элэглэн дооглож, — Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа. Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа. Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар —Ели, Ели, лама сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж. Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь үүнийг сонсоод, —Энэ хүн Елиаг дуудаж байна гэв. Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсанд торгоон, Түүнд уулгахаар өглөө. Харин бусад нь —Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс дахин чангаар хашхираад Өөрийн сүнсээ гаргажээ. Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуу урагдаж, газар хөдлөн, хад чулуу бут хагаран, булш нээгдэн, нойрссон олон ариун хүмүүсийн биес амилуулагдаж, Есүсийн амилалтын дараа булшнуудаасаа гарч ариун хотод орж, олон хүнд харагджээ. Есүсийг харгалзаж байсан зуутын дарга болон харуулууд газар хөдлөлт болон болж буй бүхнийг хараад ихэд айн, —Үнэхээр энэ хүн Бурханы Хүү байжээ гэв. Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэйчүүд тэнд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа, мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв. Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ. Энэ хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав. Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож, хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны амыг таглаад явжээ. Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.