МАТАЙ 24:1-22
МАТАЙ 24:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүсийг сүмээс гараад холдон явах гэтэл шавь нар нь сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар хэдүүлхнээ Түүн дээр ирж —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд Есүс хариуд нь —Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олноороо “Христ бол би байгаа юм” хэмээн нэрээр минь ирж, олныг төөрөлдүүлнэ. Та нар дайн ба дайны сураг чимээг удахгүй сонсоно. Бүү цочирд. Тэдгээр нь болох учиртай боловч төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно. Энэ бүгд нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл юм. Тэгэхэд та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олноороо бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, нэг нэгнээ үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, олныг бүдрүүлнэ. Ёс бус явдал өссөнөөс болж олонхын хайр хөрнө. Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайнмэдээ дэлхий даяар тунхаглагдаж, бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.
МАТАЙ 24:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүсийг сүмээс гарч явах үед шавь нар нь Түүнд сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв. Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, —Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд Есүс хариуд нь —Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олон хүн “Би бол Христ” хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм. Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ. Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), Иудейд байгсад нь уул уруу зугтааг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.