МАТАЙ 23:13-33

МАТАЙ 23:13-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна. [Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг тул та нар илүү хүнд шийтгэл хүлээнэ.] Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар ганц хүнийг ч гэсэн сүсэгтнээ болгохын тулд тэнгис газаргүй хөндлөн гулд явдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог ажээ. Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Хэн сүмээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү? “Хэн тахилын ширээгээр тангараглана, тэр нь юу ч биш. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч түүнд үүрэг оногддог” гэдэг. Сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Өргөл үү, эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу? Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. Сүмээр тангараглагч нь сүмээр болон түүн дотор оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан. Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимдэг. Тэгээд “Хэрэв бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэсэн хүмүүсийн хөвгүүд гэдгээ гэрчилдэг. Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэ. Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?

Хуваалцах
МАТАЙ 23 унших

МАТАЙ 23:13-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй. [Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар удаан залбирах дүр үзүүлж бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг тул илүү хүнд шийтгэл хүлээнэ.] Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар ганц хүний ч болов араас тэнгис, газаргүй хөндлөн гулд явсаар шинэ итгэлтэн болгосноороо түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог юм. Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Сүмээр тангараглагч нь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” гэдэг. Мунхаг, сохрууд аа, аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? “Тахилын ширээгээр тангараглагч нь огт хамаагүй. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч бүр үүрэгтэй” гэдэг. Сохрууд аа, аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юу? Иймээс тахилын ширээгээр тангараглагч нь тахилын ширээгээр болон дээр нь байгаа бүхнээр тангараглаж байгаа юм. Сүмээр тангараглагч нь сүмээр болон тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангараглагч нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залрагч Түүгээр тангараглаж буй. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор нь дээрэм тонуул, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар цагаанаар будсан булшнууд шиг гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт мэт харагдавч, дотроо хоёр нүүр болон ёс бус явдлаар дүүрэн аж. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвтийн хөшөөг чимдэг. Тэгээд “Бид эцэг өвгөдийнхөө үед байсансан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад, тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэгсдийн хөвгүүд гэдгээ гэрчилж байна. Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэдэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?

Хуваалцах
МАТАЙ 23 унших