МАТАЙ 22:1-33

МАТАЙ 22:1-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь — Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найрыг хийсэн хаантай зүйрлэж болно. Хаан хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй. Тэр дахин “Уригдсан хүмүүст «Зоогийг бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж бүгдийг базааж бэлдлээ. Хуриманд морилон ир» гэж хэл” гээд өөр боолуудаа илгээв. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь ажил уруугаа явав. Бусад нь хааны боолуудыг барин авч, доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. Тэгээд тэр боолууддаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсан хүмүүс маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь” гэхэд тэдгээр боолууд гудамжинд гарч тааралдсан сайн, муу хүмүүсийг бүгдийг цуглуулав. Хуримын танхим зоогийн зочдоор дүүрчээ. Харин хаан зоогийн зочдыг харахаар орж ирээд хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг хараад, түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан зарц нартаа “Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлжээ. Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив. Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагаахаа хамтдаа зөвлөлдөв. Тэд өөрсдийн шавь нарыг херодынхонтой хамт Түүн уруу илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг тань, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг тань мэднэ. Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд Есүс тэдний хорон санааг мэдээд, —Хоёр нүүрт хүмүүс ээ, та нар юунд Намайг сорино вэ? Надад татварт өгдөг зоосыг үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд, Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ. Үүнийг сонсоод тэд мэл гайхаж Түүнийг орхин одлоо. Тэр өдөр (амилалт гэж байхгүй хэмээдэг) садукайчууд Түүн дээр ирж, Түүнээс асуусан нь — Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн. Бидэнтэй хамт ах дүү долоон хүн байсан юм. Ууган нь эхнэр авч, үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь эхнэртэй нь гэрлэв. Хоёр дахь, гурав дахиас авахуулан долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. Иймээс амилалт дээр мөнөөх эмэгтэй тэр долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд, Есүс хариуд нь тэдэнд —Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. Амилалт дээр тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм. Харин үхэгсдийн амилалтын тухайд Бурханаас та нарт “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” хэмээн айлдсаныг та нар уншаагүй хэрэг үү? Тэр бол үхэгсдийнх бус, харин амьдын Бурхан гэж хэлэв. Үүнийг сонсоод олон түмэн Түүний сургаалд гайхаж байлаа.

Хуваалцах
МАТАЙ 22 унших

МАТАЙ 22:1-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь — Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно. Тэрээр хурим найранд уригдсан хүмүүсийг дуудахаар зарц нараа илгээсэн боловч тэд ирэхийг хүссэнгүй. Тэр дахин «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр ба бордсон малаа гаргаж, бүгд бэлэн болов. Хуримд морилон ир гэж уригдагсдад хэл» гээд өөр зарц нарыг илгээв. Гэтэл тэд үл тоомсорлон өөрсдийнхөө мөрөөр явж, нэг нь тариан талбай уруугаа, нөгөө нь наймаандаа явав. Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ. Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав. Тэгээд тэр зарц нартаа “Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ. Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь” гэхэд тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ. Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн хүнийг харж түүнд “Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?” гэхэд тэр үг дуугүй байв. Тэгтэл хаан албат нартаа “Гар хөлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй” гэжээ. Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив. Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зөвлөлдөв. Тэд шавь нараа Херодынхонтой хамт Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багш аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч үл ялгаварлан, хэнд ч тал засдаггүйг мэднэ. Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд Есүс тэдний хорон санааг мэдээд —Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ? Татварт өгдөг зоосыг Надад үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар өгсөнд Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув. Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг гэлээ. Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Түүнийг орхин одлоо. Амилал гэж байхгүй хэмээдэг садукайчууд тэр өдөр Түүн дээр ирж Түүнээс асуусан нь — Багш аа, Мосе “Хүн үр хүүхэдгүй үхвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн. Манайд ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр аваад үр хүүхэдгүй үхэж эхнэрээ дүүдээ үлдээсэн. Хоёр дахь, гурав дахь тэгээд долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв. Бүхний эцэст мөнөөх эмэгтэй ч үхэв. Амилалд тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичвэрийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна. Амилалд тэд гэрлэх ч үгүй, нөхөрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэрэлч нартай адил болох юм. Харин үхэгсдийн амиллын тухайд Бурханаас та нарт айлдсаныг уншаагүй хэрэг үү? Тэрээр “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв. Үүнийг сонсоод ард олон, сургаалыг нь гайхаж байлаа.

Хуваалцах
МАТАЙ 22 унших