МАТАЙ 21:18-46

МАТАЙ 21:18-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өглөө хот уруу буцахдаа Тэр өлссөн ажээ. Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ. Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж —Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв. Есүс хариуд нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлсэн ч энэ нь биелэх болно. Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав. Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба олон түмний ахлагчид Түүн уруу ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад Есүс тэдэнд —Би та нараас бас нэг зүйлийг асууя. Хэрэв Надад хариулбал, Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлье. Иоханы баптисм хаанаас эхтэй байсан бэ? Тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд өөр хоорондоо хэлэлцэж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл, Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ дээ. Хэрэв “Хүмүүсээс” гэвэл, энэ хурсан олон түмнээс бид айж байна. Учир нь тэд бүгдээрээ Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд, Түүнд —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс ч мөн тэдэнд хэлсэн нь —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй. Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр ууган хүү уруугаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн тариалан дээр ажилла” гэсэнд, хүү нь “За” гэсэн атлаа явсангүй. Мөнөөх хүн удаах хүүдээ мөн тэгж хэлэхэд, хүү нь “Үгүй” гэжээ. Гэвч дараа нь гэмшиж, ажиллахаар явав. Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд, тэд —Сүүлчийнх нь гэв. Есүс тэдэнд хандан —Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид болоод янхнууд та нараас түрүүнд Бурханы хаанчлалд орох болно. Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болоод янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзэхдээ гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй. Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ. Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ. Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив. Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ. Гэвч дараа нь тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ илгээв. Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, түүнийг алж, өвийг нь булаацгаая” гэжээ. Тэгээд тэд түүнийг бариад усан үзмийн тариалангийн гадна гаргаж хаяад, түүнийг алав. Тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн хүрч ирээд, тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд, тэд —Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв. Есүс тэдэнд —“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Судраас огт уншаагүй юу? Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно. Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав. Фарисайчууд ба ахлах тахилч нар Түүний сургаалт зүйрлэлүүдийг сонсоод, Тэр өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов. Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.

Хуваалцах
МАТАЙ 21 унших

МАТАЙ 21:18-46 Ариун Библи 2013 (АБ2013)

Өглөө хот уруу буцах үед Тэр өлсжээ. Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ. Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж, —Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв. Есүс тэдэнд хариулан —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж, тэнгист хаягд” гэж хэлэхэд л энэ нь биелэх болно. Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ хүлээн авах болно гэв. Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Түүн дээр ирж, —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад Есүс тэдэнд —Би мөн та нараас нэг зүйл асууя. Хэрэв Надад хариуг хэлбэл Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. Иоханы баптисм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд хоорондоо эргэцүүлэн ярилцаж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд, Түүнд —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс тэдэнд —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв. Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр уугандаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн талбай дээр ажилла” гэсэнд хүү нь “Үгүй” гэв. Гэвч дараа нь гэмшээд, явжээ. Тэрээр удаахдаа мөн тэгж хэлэхэд хүү нь “За” гэсэн атлаа явсангүй. Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд —Эхнийнх нь гэв. Есүс тэдэнд хандан —Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас урьтаж Бурханы хаанчлалд орно. Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид ба янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзээд гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй. Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ. Ургац хураах цаг ойртоход эзэн усан үзэм авчруулахаар зарц нараа тариаланчдад илгээжээ. Тариаланчид зарц нарыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алж, бас нэгийг нь чулуугаар цохив. Эзэн эхнийхээсээ олон зарц нарыг дахин илгээсэнд тэд мөн л адил үйлдэв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд хүүгээ илгээв. Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ. Тэгээд тэд түүнийг барьж, усан үзмийн талбайн гадна гаргаж хаяад, түүнийг алав. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн ирээд тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд тэд —Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв. Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу? Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг ургуулах үндэстэнд өгөх болно. Хэн энэ чулуун дээр унана, тэр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав. Фарисайчууд ба ахлах тахилч нар сургаалт зүйрлэлүүдийг нь сонсоод, өөрсдийнх нь тухай Тэр ярьсныг мэдэв. Тэд Түүнийг барихыг санаархсан авч хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг тул ард олноос айв.

Хуваалцах
МАТАЙ 21 унших