МАТАЙ 18:21-35

МАТАЙ 18:21-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дараа нь Петр ирж Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье. Иймээс тэнгэрийн хаанчлалыг боолуудтайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаантай зүйрлэж болно. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгийг нь түүн уруу аваачив. Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. Боол нь сөхрөн унаж, сунан мөргөөд түүнээс “Намайг тэвчин хүлцэнэ үү. Би танд бүгдийг буцааж төлнө” гэж гуйхад тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өрөвдөөд суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. Харин өнөөх боол гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад, барин авч хоолойг нь шахаж, “Өрөө төл” гэв. Харин анд нөхөр нь болох тэр боол сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчин хүлцээч. Чамд буцааж төлнө” гэж хэлжээ. Тэр үүнийг хүсээгүй учраас явж, түүнийг өр ширээ буцааж төлтөл нь шоронд хориулав. Түүний бусад найз боолууд нь болсон явдлыг хараад ихэд гуниж, эзэн дээрээ очиж болсон бүгдийг нь мэдэгджээ. Тэгтэл эзэн нь нөгөөх боолыг дуудаад, түүнд “Бузар муу боол оо, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд, ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг буцаан төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ. Түүнчлэн хэрэв та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.

Хуваалцах
МАТАЙ 18 унших

МАТАЙ 18:21-35 Ариун Библи 2013 (АБ2013)

Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь Есүс айлдсан нь —Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье. Иймээс тэнгэрийн хаанчлал нь зарц нартайгаа тооцоо хийхийг хүссэн нэгэн хаан лугаа адил юм. Тэр тооцоо хийж эхлэх үед арван мянган талантын өртэй нэгнийг түүнд аваачив. Харин түүнд төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ. Зарц сөхрөн унаж түүнд мөргөөд “Эзэн, намайг тэвчиж хүлцэнэ үү. Би танд бүгдийг төлнө” гэж гуйхад тэрхүү зарцын эзэн ихэд өрөвдөн түүнийг суллаж, өрийг нь хэлтрүүлжээ. Харин өнөөх зарц гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан анд болох нэгэн зарцыг олж хараад барьж авч хоолойг нь боон, “Өрөө төл” гэв. Харин анд нь болох тэр зарц сөхрөн унаж, түүнээс гуйн “Намайг тэвчиж хүлцээч. Чамд бүгдийг төлнө” гэжээ. Харин тэр үл хүсэн, явж түүнийг өр ширээ төлтөл нь шоронд хаяв. Анд зарц нар нь болсон явдлыг хараад ихэд гутарч, эзэндээ очиж, болсон бүгдийг мэдэгджээ. Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад түүнд “Ёрын муу зарц, чи надаас гуйсан тул би бүх өрийг чинь хэлтрүүлсэн. Би чамайг өршөөсний адил чи бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?” гээд ихэд хилэгнэн уурлаж, өр ширээ бүгдийг төлөх хүртэл нь түүнийг зандалчинд тушаажээ. Түүнчлэн та нарын нэгбүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно гэлээ.

Хуваалцах
МАТАЙ 18 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна