МАТАЙ 18:1-20
МАТАЙ 18:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр цагт шавь нар нь Есүс дээр ирж —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь — Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авч байгаа юм. Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр. Бүдрүүллийн улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэл ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ! Гар чинь эсвэл хөл чинь чамайг бүдрүүлвээс тас цавчиж хая. Хоёр гартайгаа эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. Нүд чинь чамайг бүдрүүлвээс ухаж хая. Хоёр нүдтэйгээ галт тамд хаягдсанаас өрөөсөн нүдтэйгээр аминд орох нь чамд дээр. Та нар энэ багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэрэлч нар тэнгэрт байгаа Эцэгийн минь царайг байнга харж байдаг. [Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм] Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв нэгэн хүн зуун хоньтой байтал тэднээс нэг нь төөрвөл тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод, төөрснийг нь хайхаар явахгүй гэж үү? Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно. Тиймд энэ багачуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэрт байгаа Эцэгийн чинь хүсэл биш юм. Ах дүү чинь нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ олж авсан хэрэг. Харин тэр үл сонсвол өөртэйгөө хамт нэг эсвэл хоёр хүн дагуул. Тэгвэл хоёр юмуу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэв чуулганыг ч хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг. Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.
МАТАЙ 18:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж, —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. Тэр нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь — Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг. Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр. Бүдрүүлэх сааднуудынхаа улмаас ертөнц золгүй еэ! Юу гэвэл бүдрүүлэх саад ирэх нь зайлшгүй бөгөөд харин бүдрүүллийг гүйцэлдүүлэгч тэр хүн золгүй еэ! Хэрэв гар чинь, эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл, тас цавчин хая. Хоёр гартайгаа, эсвэл хоёр хөлтэйгөө мөнхийн галд хаягдсанаас гаргүй, эсвэл хөлгүйгээр аминд орох нь чамд дээр. Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая. Хоёр нүдтэйгээр галт тамд хаягдсанаас нэг нүдтэй аминд орох нь чамд дээр. Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнга хардаг юм. [Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм] Та нар юу гэж бодож байна вэ? Хэрэв хэн нэгэн хүн зуун хоньтой байтал, тэднээс нэг нь төөрвөл, тэр ерэн есөн хонио ууланд орхичихоод төөрсөн нэгийг хайхаар явахгүй гэж үү? Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол, төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно. Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм. Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ олж авсан хэрэг. Харин тэр үл сонсвол, өөртэйгөө хамт нэг юмуу хоёр ах дүүгээ дагуул. Тэгвэл хоёр буюу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно. Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал, чуулганд хэл. Хэрэв чуулганыг хүртэл сонсохоос татгалзвал, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг. Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.