МАТАЙ 10:1-23
МАТАЙ 10:1-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ. Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Петр гэгддэг Симоноос эхлээд түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан, Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон болон Есүсээс урвасан Искариотын Иудас нар билээ. Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ —Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор. Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч. Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал айсуй” гэж тунхаглагтун. Өвчтөнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй өг. Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч бүү авч яв. Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой. Ямар ч хот тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд, явтлаа тэндээ бай. Айлд орохдоо мэндийг нь мэд. Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг. Харин зохисгүй бол амар амгалан чинь та нарт буцаж ирэг. Та нарыг эс хүлээн авагчийн, үгийг чинь үл сонсогчийн гэрээс эсвэл хотоос нь гарахдаа хөлийнхөө тоосыг сэгсэрч унагаа. Үнэнээр Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содом ба Гоморра нутаг нь тэр хотоос илүү хүлцэхүйц байх болно. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай. Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө захирагчид ба хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно. Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж санаа бүү зов. Хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. Яригч нь та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно. Харин тэд та нарыг энэ хотод хавчвал өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж дуусахгүй.
МАТАЙ 10:1-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийг захирах эрх мэдлийг өгсөн нь сүнснүүдийг зайлуулах, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ. Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Эхлээд Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан, Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай, Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой. Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ. —Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч. Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч. Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж тунхаглагтун, Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг. Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй. Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой. Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэдээд явтлаа тэндээ бай. Айлд орохдоо мэндийг нь мэд. Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг. Хэрэв зохисгүй бол, амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг. Хэн та нарыг хүлээн авалгүй, үгийг чинь үл ойшоох аваас, тэр айлаас эсвэл хотоос гарахдаа та нар хөлийнхөө тоосыг сэгсрэн унага. Үнэнээр Би та нарт хэлье, шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос илүү тэвчмээр байх болно. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай. Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно. Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно. Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж бүү санаа зов. Учир нь хэлэх зүйл чинь тэр цагт та нарт өгөгдөнө. Яригч бол та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм. Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно. Харин тэд та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс нааш та нар Израилийн хотуудаар явж барахгүй.