ЛУК 6:27-49

ЛУК 6:27-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир. Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла. Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ. Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ. Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм. Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун. Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана. Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохроо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно. Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Тэгж байж л чи сайн харж, ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авна шүү дээ. Учир нь муу үр жимс ургуулдаг сайн мод гэж байхгүй, түүнчлэн сайн үр жимс ургуулдаг муу мод гэж байхгүй. Аливаа мод үр жимсээрээ танигддаг. Хүмүүс үүргэнээс инжрийг түүдэггүй шүү дээ. Мөн өргөст бутнаас усан үзэм түүхгүй. Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг. Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд Миний айлдсаныг хийдэггүй юм бэ? Над уруу ирж, үгийг минь сонсоод түүнийхээ дагуу үйлдэгч аливаа хүн хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод, үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.

Хуваалцах
ЛУК 6 унших

ЛУК 6:27-49 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир. Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла. Гуйсан хүнд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар гавьяа та нарт байх вэ? Нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрлагсдыг хайрладаг шүү дээ. Та нар өөрт чинь сайныг үйлдэгсдэд л сайныг үйлдвэл та нарт ямар гавьяа байх вэ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг бус уу. Та нар эргүүлэн авна гэж найдсан хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм. Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай. Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана. Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохортоо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Бүрэн суралцах аваас хэн ч багш шигээ болж болно. Өөрийн нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно. Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна. Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ. Сайн хүн зүрхнийхээ сайн баялагаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялагаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг. Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? Над уруу ирж, үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч нь хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг, газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл асар их байлаа гэж сургалаа.

Хуваалцах
ЛУК 6 унших

ЛУК 6:27-49

ЛУК 6:27-49 АБ2004ЛУК 6:27-49 АБ2004