ЛУК 6:27-42
ЛУК 6:27-42 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин сонсогч хүмүүст Би хэлж байна. Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө, та нартай буруугаар харьцдаг хүмүүсийн төлөө залбир. Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла. Гуйсан хүн бүрд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг шүү дээ. Хэрэв та нар өөрт чинь сайныг үйлддэг хүмүүст сайныг үйлдвэл та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл мөн л тийн үйлддэг шүү дээ. Хэрэв та нар эргүүлэн авна гэсэн хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун талархал байх билээ? Учир нь нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм. Та нарын Эцэг өршөөнгүй. Түүнчлэн өршөөнгүй байгтун. Шүүгдэхгүйн тулд бусдыг бүү шүү. Яллагдахгүйн тулд бусдыг бүү ялла. Уучлагтун, тэгвэл та нар ч мөн уучлагдана. Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохроо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Харин бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно. Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Эсвэл чи нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж яаж хэлж чадна вэ? Хоёр нүүртэн чи эхлээд өөрийн нүдэн дэх дүнзийг авч хая. Тэгж байж л чи сайн харж, ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг авна шүү дээ.
ЛУК 6:27-42 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир. Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла. Гуйсан хүнд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх. Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд. Хэрэв та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар гавьяа та нарт байх вэ? Нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрлагсдыг хайрладаг шүү дээ. Та нар өөрт чинь сайныг үйлдэгсдэд л сайныг үйлдвэл та нарт ямар гавьяа байх вэ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг бус уу. Та нар эргүүлэн авна гэж найдсан хүмүүстээ зээл өгөх аваас та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд хүртэл өгснийхөө чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл өгдөг. Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм. Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай. Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана. Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Тэр мөн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохортоо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах биш үү? Шавь нь багшийнхаа дээр байдаггүй. Бүрэн суралцах аваас хэн ч багш шигээ болж болно. Өөрийн нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ? Нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ “Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя” гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи эхлээд өөрийнхөө нүднээс дүнзээ авч хая. Тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртэс авч хаяхдаа сайн харах болно.