ЛУК 5:12-32

ЛУК 5:12-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүсийг нэгэн хотод байх үед нь, биеэрээ дүүрэн уяман өвчтэй нэг хүн Түүнийг хараад нүүрээрээ унаж, —Эзэн, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйлаа. Тэр гараа сунган, түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруйд өнөө хүн уяман өвчнөөсөө ангижирлаа. Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд тэдэнд гэрчлэл болгон Мосегийн тогтоосон ёсоор цэвэршсэнийхээ төлөө өргөл өргө гэлээ. Харин Түүний тухай зар улам газар авч, бүр олон хүмүүс Түүнийг сонсох гэж, мөн өвчнөө эдгээлгэхээр хуран цуглаж байв. Харин Тэр Өөрөө дандаа сэмхэн зайлж эзгүй зэлүүд газар уруу явж, залбирдаг байлаа. Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн сургагч нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийг гүйцэтгэхийн тулд Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. Үзэгтүн, хэсэг хүн саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч үй олон хүнээс болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө яг төвд нь тавив. Тэдний итгэлийг хараад Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах юм бэ? хэмээн дотроо бодоцгоожээ. Харин тэдний бодлыг мэдсэн Есүс тэдэнд —Та нар яагаад ингэж бодов? “Нүгэл чинь уучлагдлаа” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтэй хүнд —Би чамд хэлж байна. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. Даруй өнөө хүн тэдний өмнө босож, дээр нь хэвтэж байсан юмаа аваад, Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. Тэд бүгдээрээ мэл гайхаж, Бурханыг алдаршуулж эхэлсэн бөгөөд —Бид өнөөдөр мөн ч гайхалтай зүйлс харлаа гэцгээн бүгд айдаст автсан байлаа. Дараа нь Тэр гарч яван, татвар хураагч Леви гэгч хүнийг татварын газар суухыг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд тэр хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа. Леви Есүст зориулж гэртээ том зоог барив. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисайчууд, мөн тэдний хуулийн багш нар —Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ? гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлэхэд Есүс тэдэнд —Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.

Хуваалцах
ЛУК 5 унших

ЛУК 5:12-32 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүсийг нэгэн хотод байх үед нь, харагтун, нэл уяман болсон нэг эр Түүнийг хараад нүүрээрээ унаж —Эзэн, Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйлаа. Тэр гараа сунган түүнд хүрч —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй уяман өвчин нь түүнээс ариллаа. Тэрээр хэнд ч хэлж болохгүй гэж түүнд тушаагаад, —Харин явж, өөрийгөө тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэл болгон цэвэршсэнийхээ төлөө Мосегийн тушаасан өргөлийг өргө гэлээ. Гэвч Түүний тухай зар улам газар авч, асар олон хүн Түүнийг сонсох мөн өвчнөө эдгээлгэх гэж хуран цуглаж байв. Харин Тэр эзгүй зэлүүд газар уруу дайжин явж залбирдаг байлаа. Нэгэн өдөр Түүнийг сургаалаа зааж байхад нь тэнд Иерусалим, Иудей болон Галилын бүх тосгодоос ирсэн хэсэг хуулийн багш нар болоод фарисайчууд сууж байжээ. Эдгээлтийн төлөө Эзэний хүч Түүнд өгөгдсөн байв. Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг хэдэн хүн дэвсгэртэй нь авчрав. Тэгээд дотогш нь оруулж, Түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. Итгэлийг нь харсан Есүс —Анд минь, нүгэл чинь уучлагдсан гэхэд хуулийн багш нар болон фарисайчууд —Бурханыг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж эргэцүүлэн бодоцгооход, бодлыг нь мэдсэн Есүс тэдэнд хандан —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд саа өвчтөнд —Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв. Тэр даруй тэр тэдний өмнө босоод, хэвтэж байсан юмаа авч Бурханыг алдаршуулсаар гэрийн зүг явжээ. Тэд бүгдээрээ гайхан цочирдож, Бурханыг алдаршуулж —Бид өнөөдөр мөн ч хачин юм үзлээ гэцгээн бүгд айдаст автсан байлаа. Дараа нь Тэр гарч яван татварын газар суух, татвар хураагч Леви гэгч хүнийг хараад, —Намайг дага гэж түүнд хэлэхэд тэр бүхнээ орхин босож, Түүнийг дагалаа. Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ. Фарисайчууд, тэдний хуулийн багш нар Түүний шавь нарт дургүйлхэн —Та нар чинь яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт идэж ууж байдаг билээ? гэхэд Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.

Хуваалцах
ЛУК 5 унших