ЛУК 3:1-18

ЛУК 3:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Цезарь Тиберийн хаанчлалын арван тав дахь жилд, Понти Пилат Иудейн захирагч, Херод Галилын хаан, түүний дүү Филип Итурае болон Трахонитын мужийн хаан, Лусан Абилений хаан, Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иохан уруу Бурханы үг ирэв. Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн, «Цөлд хашхирагч нэгний дуу “Эзэний замыг бэлтгэгтүн, Түүний замыг шулуун болгогтун. Гуу жалга бүр дүүрч, уулс, толгод бүхэн доошлон, тахир нь шулуун болж, хотгор бүхэн тэгшрэх бөгөөд аливаа махан бие Бурханы авралыг үзнэ” гэнэ» гэжээ. Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав? Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг бий болгогтун. “Абрахам бол бидний эцэг ” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна. Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Тиймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв. Цугласан олон түүнээс —Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав. Тэр тэдэнд —Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ. Зарим татвар хураагчид баптисм хүртэхээр бас ирж, түүнээс —Багш аа, бид яах болж байна? гэхэд, — Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв. Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ. Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрх сэтгэлдээ түүний Христ мөн болох эсэхийг бодож байлаа. Иохан бүгдэд хандан —Миний хувьд гэвэл, би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчтэй Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн сурыг ч тайлах зохисгүй хүн. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. Үтрэмээ гүйцэд цэвэрлэн, улаан буудайг саравчиндаа овоолохын тулд Түүний гарт шигшигч сэрээ нь байна. Харин Тэрээр хог хаягдлыг нь унтаршгүй галаар шатаана гэлээ. Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайн мэдээг тунхаглаж байлаа.

Хуваалцах
ЛУК 3 унших

ЛУК 3:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Цезарь Тиберийн хаанчлалын арван тавдугаар онд, Понти Пилат Иудейг захирч, Херод нь Галилын захирагч, дүү Филип нь Итурае болон Трахонитын захирагч, Лусан нь Абилений захирагч, Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иоханд Бурханы үг ирэв. Тэрээр нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглан Иордан хавийн бүх нутгаар явлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн «Цөлд хашхирагч нэгний дуу “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун. Гуу жалга бүр дүүрч, Уул, толгод бүр намсаж, Тахир нь шулуун болж, Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд Махбодтой бүхэн Бурханы авралыг үзнэ” гэнэ» гэжээ. Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан ард олонд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав? Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимснүүдийг гарга. “Абрахам бидний эцэг” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудаас ч Абрахамд хүүхдүүд босгож чадна. Моддын үндсэнд сүх хэдийнээ зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв. Цугласан олон түүнээс —Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав. Тэр тэдэнд —Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ. Татвар хураагчдын зарим нь баптисм хүртэхээр бас ирж, түүнээс —Багш аа, бид яах болж байна? гэхэд — Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв. Зарим цэргүүд —Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд тэр —Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ. Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрхэндээ түүнийг Христ мөн болох эсэхийг эргэцүүлж байлаа. Иохан бүгдэд —Би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчирхэг Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ. Үтрэмээ гүйцэд цэвэрлэн буудайгаа саравчинд овоолохын тулд Түүний гарт шигшигч байна. Харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв. Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайнмэдээг тунхаглаж байлаа.

Хуваалцах
ЛУК 3 унших