ЛУК 21:5-24

ЛУК 21:5-24 Ариун Библи 2013 (АБ2013)

Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон өргөлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэнийг ярьж байтал Есүс — Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд, нэг ч чулуу нөгөө дээрээ үлдэхгүй бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв. Тэд Түүнээс —Багш аа, хэзээ энэ нь болох вэ? Ийм юм болох үеийн тэмдэг юу вэ? гэж асууцгаав. Тэр —Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. “Тэр чинь би байгаа юм”, “Цаг нь ойрхон байна” хэмээн нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага. Та нар дайн болон үймээний тухай сонсвол бүү айгтун. Эхлээд энэ бүхэн болох ёстой ч төгсгөл нь хараахан биш юм гэв. Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хүчтэй газар хөдлөлтүүд болно. Энд тэндгүй гамшиг болон өлсгөлөн болж, аймшиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ. Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна. Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд зүрх сэтгэлээ төвшитгө. Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ. Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. Гэсэн хэдий ч та нарын толгой дахь ширхэг үс чинь ч устахгүй. Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна. Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгсад нь уулс өөд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хөдөө байгсад нь хотод бүү орог. Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм. Тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гашуу болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хөл доор талхлагдах болно.

Хуваалцах
ЛУК 21 унших

ЛУК 21:5-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

Зарим хүмүүс сүмийн тухай, тэр нь гоёмсог чулуунуудаар болон өргөлийн зүйлсээр чимэглэгдсэнийг ярьж байхад нь Есүс — Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд гэвэл, нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй, бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв. Тэд Түүнээс —Багш аа, энэ нь хэзээ болох вэ? Эдгээр нь болох үед ямар шинж тэмдэг байх бол? гэж асууцгаав. Тэр —Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. Яагаад гэвэл Миний нэрээр олон хүн ирэх бөгөөд тэд “Би бол Тэр байна”, “Цаг ойрхон байна” гэх болно. Тэдний араас бүү яв. Та нар дайн дажин, түгшүүрийн тухай сонсвол бүү айгтун. Учир нь эхлээд энэ бүхэн болох ёстой юм. Харин төгсгөл нь хараахан биш юм гэв. Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар гай гамшиг болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ. Харин энэ бүгдээс өмнө Миний нэрнээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид болон хаадын өмнө авчирна. Энэ нь та нарын гэрчлэх боломж болно. Өөрийгөө хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд санаагаа түвшитгэ. Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно. Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь ална. Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно. Гэсэн хэдий ч та нарын толгойн дахь ширхэг үс чинь ч устахгүй. Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна. Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Тэгэхэд Иудейд байгаа хүмүүс уулс уруу зугтаг, хотод байгаа хүмүүс тэндээс гараг. Хөдөө байгаа хүмүүс хот уруу бүү орог. Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм. Тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн гамшиг болох бөгөөд энэ ард түмний дээр уур хилэн байх болно. Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.

Хуваалцах
ЛУК 21 унших