ЛУК 21:25-38
ЛУК 21:25-38 Ариун Библи 2013 (АБ2013)
Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана. Тэгээд тэд Хүний Хүүг үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар ирэхийг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт айсуй гэв. Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Инжрийн мод болон бүх моддыг хар. Тэдгээрийн нахиалахыг хараад зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй. Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв. Есүс өдөржин сүмд сургаалаа зааж, харин шөнө нь гарч яван Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв. Сүмд очиж Түүнийг сонсохоор бүх хүн өглөө эртлэн босдог байлаа.
ЛУК 21:25-38 Ариун Библи, 2004 (АБ2004)
Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана. Дараа нь тэд хүч болон агуу сүр жавхлантайгаар үүлэн дээр залран ирэх Хүний Хүүг харна. Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө. Учир нь та нарын золилт ойртож байна гэв. Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Инжрийн мод болон бүх моддыг хар. Та нар тэдгээрийн нахиалахыг хараад зун ойрхон байгааг мэддэг. Түүнчлэн та нар ч гэсэн эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй. Үнэнээр Би та нарт хэлье. Бүх зүйл биелэгдтэл энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс өнгөрөхгүй. Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. Харин Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв. Есүс өдөржин сүмд сургаалаа айлдаж, харин шөнө нь гарч яван, Чидун хэмээх ууланд шөнийг өнгөрөөдөг байв. Сүм уруу ирж, Түүнийг сонсохоор бүх хүмүүс өглөө эртлэн босдог байлаа.