ЛУК 20:9-26

ЛУК 20:9-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ. Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав. Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ. Тэр гурав дахийг нь явуулахад, тэд боолыг нь зодож гэмтээгээд хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн цэцэрлэгийн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүгээ явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Харин усан үзмийн тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч байна. Түүнийг алчихъя. Хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо зөвшилцөөд, тэд түүнийг усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяж, алжээ. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад, —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн тулгуур чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав. Яг тэр үед хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч, ард олноос айв. Учир нь Есүс сургаалт зүйрлэлийг тэдний эсрэг айлдсаныг тэд ойлгосон ажээ. Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж, сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань бид мэднэ. Цезарьт татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд хандан — Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэжээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав.

Хуваалцах
ЛУК 20 унших

ЛУК 20:9-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав. Тэр өөр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ. Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож шархдуулаад хөөн явуулжээ. Тэгээд усан үзмийн талбайн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүг явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв. Харин тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо эргэцүүлэн ярилцаад, тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ? Тэр ирж, тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд Есүс тэднийг хараад —Тэгвэл “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болов” гэж бичигдсэн нь ямар учиртай вэ? Тэр чулуун дээр унах хүн бүр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр няцарна гэж айлдав. Тэр цагт Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багш нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг санаархсан ч ард олноос айв. Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Тэд Түүнээс —Багш аа, Таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгаварлан, харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд — Надад денар үзүүл. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэлээ. Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов.

Хуваалцах
ЛУК 20 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна