ЛУК 19:11-26

ЛУК 19:11-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэд энэ бүхнийг сонсох зуурт Тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Ингэсэн нь Тэрээр Иерусалимаас холгүй байсан болон Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн нөгөөдүүл нь бодсон тул ажээ. Тэрээр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ. Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ. Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг маанэ таван маанэ болсон” гэхэд тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг маанээг алчууртаа боогоод хав дарчихсан. Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд тэр “Өөдгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүүлэгчид өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд, дэргэдээ байгсдад “Түүнээс нэг маанээг авч, арван маанэтай хүнд өгсүгэй” гэв. Тэд “Эзэн, түүнд арван маанэ байгаа шүү дээ” гэхэд “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.

Хуваалцах
ЛУК 19 унших

ЛУК 19:11-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэд энэ бүхнийг сонсох зуур Тэр нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Учир нь Тэр Иерусалимаас холгүй байсан тул, тэд Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн бодож байлаа. Тэр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын оронг зорьжээ. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван мина өгөөд “Намайг буцаж иртэл энэ мөнгөөр ажил хэрэг явуул” гэжээ. Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ. Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь ямар ажил эрхлэн явуулсныг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. Эхний хүн ирж “Эзэн, таны нэг мина арван мина болсон” гэхэд тэр түүнд “Сайн боол, сайн байна. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг мина таван мина болсон” гэхэд тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан. Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм” гэсэнд тэр “Зохисгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? Тэгвэл чи мөнгийг минь юунд банкинд өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд, дэргэдээ байгсдад “Түүнээс нэг минаг авч, арван минатай хүнд өгсүгэй” гэв. Тэд “Эзэн, түүнд арван мина байгаа шүү дээ” гэхэд, “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнээс байгаа нь ч авагдана.

Хуваалцах
ЛУК 19 унших