ЛУК 18:15-43

ЛУК 18:15-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хүргүүлэхийн тулд тэднийг Түүн уруу авчирчээ. Гэвч үүнийг харсан шавь нар хүмүүсийг зэмлэн буруутгахад Есүс тэднийг дуудаад, —Хүүхдүүдийг Над уруу ирүүл. Тэднийг бүү саатуул. Учир нь Бурханы хаанчлал ийм л хүмүүсийнх юм шүү. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй гэжээ. Нэгэн удирдагч Түүнээс —Сайн Багш аа, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. Есүс түүнд —Намайг чи юунд сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Бүү завхайр. Бүү ал. Бүү хулгайл. Бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэхэд тэр —Би энэ бүгдийг хар багаасаа л сахисан гэв. Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв. Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян хүн байжээ. Есүс түүнийг хараад, —Бурханы хаанчлалд баян хүн орох нь үнэхээр хэцүү юм. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь сонссон хүмүүс —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. Петр —Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан гэхэд, Тэр тэдэнд —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүү, эцэг эх болон үр хүүхдээ орхино, тэр хүн энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг хүлээн авна гэв. Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд —Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ. Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. Тэгтэл мөнөөх сохор хүн —Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар —Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. Есүс зогсож, түүнийг Өөр уруу нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц, Тэр түүнээс — Өөрийнхөө төлөө чи Надаар юу хийлгэхийг хүснэ вэ? гэсэнд, тэр —Эзэн, би дахин харахыг хүсэж байна гэхэд Есүс түүнд —Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв гэжээ. Өнөөх хүн тэр даруйдаа харах болж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.

Хуваалцах
ЛУК 18 унших

ЛУК 18:15-43 Ариун Библи 2013 (АБ2013)

Хүмүүс Есүсээр нялх хүүхдүүддээ гар хүргүүлэхээр Түүн дээр авчрахыг нь харсан шавь нар тэднийг зандрахад Есүс тэднийг дуудаад, —Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй гэжээ. Нэгэн удирдагч Түүнээс —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Чи бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, худал хуурмаг бүү гэрчил, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд тэр —Би энэ бүхнийг бага залуугаасаа л сахисан гэв. Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Харин тэр үүнийг сонсоод ихэд гунигтай болов. Учир нь тэр маш баян байжээ. Есүс түүнийг хараад, —Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ! Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний нүхээр нэвтрэх нь илүү хялбар гэж айлдсаныг нь сонссон хүмүүс —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээсэнд Есүс —Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой гэв. Петр —Хараач, бид өөрсдийн юмсыг орхиод Таныг дагасан гэхэд Тэр тэдэнд —Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Бурханы хаанчлалын төлөө гэр орон, эхнэр, ах дүүс, эцэг эх ба хүүхдүүдээ орхино, тэр энэ үед өчнөөн дахинаар хүлээн авч, ирэх үед мөнх амийг ч хүлээн авна гэв. Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд —Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харийнхны гарт тушаагдахад, тэд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдрөө Тэр амилан босох болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Үгс нь тэднээс нууцлагдсан байсан тул айлдсаныг нь тэд ойлгоогүй ажээ. Түүнийг Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв. Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ. Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв. Тэгтэл мөнөөх сохор хүн —Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч! гэхэд түрүүнд нь явагсад дуугүй байхыг түүнд хатуу анхааруулсанд тэр улам чангаар —Давидын Хүү, намайг өршөөгөөч! гэж хашхирав. Есүс зогсож, түүнийг Өөр дээр нь авчрахыг тушаав. Сохор эрийг ирмэгц Тэр түүнээс — Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэсэнд тэр —Эзэн, намайг дахин хардаг болгооч гэхэд Есүс түүнд —Чи дахиад хараатай бол. Итгэл чинь чамайг аварлаа гэв. Тэрээр тэр даруй дахин хараа орж, Бурханыг алдаршуулсаар Түүнийг дагав. Үүнийг харсан олон түмэн бүгдээрээ Бурханыг магтацгаалаа.

Хуваалцах
ЛУК 18 унших