ЛУК 12:13-34

ЛУК 12:13-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд —Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин Тэр —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, хөрөнгө хуваагчаар томилчихсон билээ? гэв. Тэгээд Тэр тэдэнд хандан —Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв. Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж бодол болж, “Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би сэтгэлдээ «Санаа сэтгэл минь, чамд хожмын олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд, харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураагч бөгөөд Бурханы өмнө баян биш болой гэв. Тэр шавь нартаа —Тиймээс Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бүү санаа зов. Яагаад гэвэл амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм. Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэдгээр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. Та нарын хэн чинь санаа зовсноороо амиа хором ч атугай уртасгаж чадах вэ? Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна? Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд ажилладаггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон өөрийн бүх сүр жавхлан дотроо ч эдгээр цэцэгсийн нэгтэй нь ч эн зэрэгцэхээр хувцаслаж байгаагүй юм. Хэрэв өнөөдөр нь амьд байгаад, маргааш нь зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан тийнхүү гоёдог бол, тэгэх тусмаа итгэл багатай хүмүүс ээ, Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ. Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хайгтун. Санаа зовохоо боль. Учир нь энэ бүх зүйлсийг дэлхийн үндэстнүүд чармайн хайдаг юм. Харин та нарт эдгээр зүйлс хэрэгтэйг Эцэг тань мэддэг. Харин Түүний хаанчлалыг хайгтун. Эдгээр зүйлс та нарт нэмэгдэх болно. Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй. Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно.

Хуваалцах
ЛУК 12 унших

ЛУК 12:13-34 Ариун Библи 2013 (АБ2013)

Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд —Багш аа, надтай гэр бүлийнхээ өвийг хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд харин Тэр —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын шүүгч, өв хуваагчаар томилчихдог билээ? гэв. Тэгээд Тэр тэдэнд —Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв. Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь маш үржил шимтэй байжээ. Тэр хүн “Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?” гэж эргэцүүлээд “Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална. Тэгээд би амьхандаа «Амь гол минь, чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ” гэсэнд харин Бурхан түүнд “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж айлджээ. Тэр хүн өөрийнхөө төлөө эд баялгийг хураадаг ч Бурханд үл бялхдаг болой гэв. Тэр шавь нартаа —Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм. Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэр шувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ. Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадах вэ? Хэрэв та нар маш өчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна? Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэл хийдэг ч үгүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан бүх сүр жавхландаа эдний нэгтэй нь ч дүйцэхээр хувцаслаж байгаагүй юм. Өнөөдөр амьд байгаад, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслана шүү дээ, өчүүхэн итгэлтнүүд ээ! Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хай. Санаа бүү зов. Ертөнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм. Өмч хөрөнгөө худалдаад өглөг өг. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, шавхагдашгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй. Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.

Хуваалцах
ЛУК 12 унших