ЛУК 11:33-54

ЛУК 11:33-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэн ч дэнлүүг асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл үзүүлэхийн тулд түүнийг дэнлүүний суурин дээр тавьдаг. Биеийн чинь дэнлүү бол чиний нүд мөн. Нүд чинь цэвэр байвал бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байна. Харин муу байвал, бүтэн бие чинь мөн харанхуйгаар дүүрэн байна. Иймээс өөрт чинь байгаа гэрэл нь харанхуй байхаас сэрэмжил. Хэрэв чиний бие бүхэлдээ гэрлээр дүүрэн бөгөөд өчүүхэн төдий ч харанхуйгүй бол, энэ нь дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг бүхэлдээ гэрэлтэх болно гэв. Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай хүн Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув. Түүнийг заншил ёсоор хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ. Харин Эзэн түүнд —Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гаднахыг цэвэрлэдэг ч, харин та нар дотроо хулгай дээрэм, хар санаагаар дүүрэн байдаг. Мунхгууд аа, гаднахыг хийсэн Тэр доторхыг мөн хийгээгүй гэж үү? Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно. Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга байдлыг үл ойшоодог. Чухамдаа эдгээр нь та нарын бусдыг нь орхигдуулалгүйгээр биелүүлэх ёстой байсан зүйл юм. Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар синагогт тэргүүн суудалд залрах, зах дээр мэндлүүлж, хүндлүүлэх дуртай. Та нар золгүй еэ! Учир нь та нар үл харагдах булшнууд адил, дээгүүр нь алхаж буй хүмүүс үүнийг мэддэггүй гэв. Хуульчдын нэг нь Түүнд —Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд Тэр —Хуульчид та нар мөн золгүй еэ! Учир нь та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг дардаг хэрнээ өөрсдөө ганц хуруугаа ч ачаанд хүргэдэггүй. Та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн булшийг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн. Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна. Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг ална, заримыг нь хавчина. Энэ нь дэлхийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм. Абелынхаас авахуулаад, Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм. Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон гэв. Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа. Тэд Түүний эсрэг хуйвалдацгаан, үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг юу хэлэхийг нь анаж байв.

Хуваалцах
ЛУК 11 унших

ЛУК 11:33-54 Ариун Библи 2013 (АБ2013)

Хэн ч дэнлүү асаагаад далд газар юмуу эсвэл савны доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг. Нүд чинь биеийнхээ дэнлүү юм. Тиймээс нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин ёрын муу аваас бие чинь мөн харанхуй байна. Иймд өөрийгөө хар, чиний доторх гэрэл нь харанхуй биш биз. Бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн агаад өчүүхэн төдий ч харанхуйгүй бол дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг шиг энэ нь бүхэлдээ гэрлээр дүүрэн байна гэв. Есүсийг яриагаа өндөрлөхөд нэгэн фарисай Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув. Түүнийг хоолны өмнө эхлээд угаалга үйлдээгүйг харсан мөнөөх фарисай хүн ихэд гайхжээ. Харин Эзэн түүнд —Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор чинь дээрэм тонуул, муу муухай нь дүүрэн байдаг. Мунхгууд аа, гаднахыг бүтээсэн Тэр доторхыг мөн бүтээгээгүй гэж үү? Харин та нар доторхыг нь өглөг мэтээр өг, тэгвэл харагтун, бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно. Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, төрөл бүрийн ургамал ногооныхоо аравны нэгийг өргөдөг атлаа Бурханы хайр, шударга ёсыг үл ойшоодог. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. Фарисайчууд та нар золгүй еэ! Та нар синагогт тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Та нар золгүй еэ! Та нар үл харагдах булшнууд мэт тул хүмүүс мэдэхгүйгээр дээгүүр нь алхдаг гэв. Хуульчдын нэг нь Түүнд —Багш аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд Тэр —Хуульчид та нар мөн золгүй еэ! Та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг хүчирдүүлж хэцүүдүүлдэг хэрнээ өөрсдөө ачаанд ганц хуруугаа ч хүргэдэггүй. Та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж босгодог ч тэднийг та нарын өвөг дээдэс хөнөөсөн. Ингэхлээр та нар өвөг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мөн. Өвөг дээдэс чинь тэднийг хөнөөсөн тул, та нар тэдний булшийг босгож байна. Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь “Би тэдэнд эш үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг алж, заримыг нь хавчина. Энэ нь ертөнцийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм. Абелын цуснаас авахуулаад Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм. Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч өөрсдөө орсонгүй. Тийш орогсдод ч та нар саад болсон гэв. Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам олон юм асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа. Тэд амнаас нь гарах үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг отож байлаа.

Хуваалцах
ЛУК 11 унших