ЛУК 1:1-56
ЛУК 1:1-56 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бидний дунд биелсэн үйл явдлуудын талаар олон хүн эмхтгэхээр шийдсэн билээ. Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгчид бидэнд тэдгээрийг уламжилсанчлан, бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь. Энэ нь танд заасан зүйлсийн талаарх гарцаагүй үнэнийг танд таниулахын тулд юм шүү. Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр нь Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв. Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв. Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд таарсан байна. Утлага уугиулах цагт, цугларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. Эзэний тэнгэр элч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. Харин тэнгэр элч түүнд хандан —Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. Чи баяр жаргалтай болж, олон хүн түүнийг төрөхөд баясна. Учир нь тэр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарс, эсвэл согтоох ундааг хэзээ ч амсахгүй. Эхийнхээ хэвлийд байхдаа ч Ариун Сүнсээр тэр дүүрэн байх болно. Тэр Израилийн хөвгүүдээс олныг Бурхан Эзэнд нь эргүүлэн хандуулах болно. Эцгүүдийнх нь зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүй нэгнийг зөвт хүмүүсийн мэргэн ухаанд буцаахын тулд Эзэний өмнө Елиагийн хүч болоод сүнс дотор явна. Тийнхүү Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгох юм гэжээ. Захариа тэнгэр элчид —Би үүнийг хэрхэн мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд, тэнгэр элч хариуд нь түүнд —Би бол Бурханы оршихуйд зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайн мэдээг чамд авчирч өгөн, чамд хэлэхээр илгээгдсэн юм. Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж, ярьж чадахгүй гэлээ. Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад, тэр гэртээ харив. Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж, — Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв. Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ. Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэр элч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв. Тэнгэр элч түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна гэсэнд, Мариа тэнгэр элчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай. Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо. Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ! Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ? Харагтун, мэндийн дуу чинь миний чихнээ сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв. Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ, сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан. Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав. Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно. Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв. Түүний нэр ариун билээ. Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно. Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж, зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан, өршөөлөө дурсаж, бидний эцэг өвгөдөд айлдсанчлан, Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнө гэжээ. Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.
ЛУК 1:1-56 Ариун Библи 2013 (АБ2013)
Бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмхтгэхийг хичээсэн билээ. Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгч бологсдоос бидэнд уламжилсны адил би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм, эрхэм хүндэт Теофил минь! Таны заалгасан зүйлсийг бат үнэн гэдгийг үүгээр та мэдэх болно. Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр ч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв. Тэд хоёул, Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. Елизабет хүүсэр тул тэд үр хүүхэдгүй, бас тэд хоёул өтөлсөн байв. Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд ногдсон байна. Утлага уугиулах тэр цагт, цугларсан ард олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. Эзэний тэнгэрэлч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. Харин тэнгэрэлч түүнд —Захариа аа, бүү ай. Чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. Чи баяр жаргалтай болж, түүнийг төрөхөд олуул баярлана. Эзэний өмнө тэр агуу болох бөгөөд дарс ч, сархад ч ер амсахгүй, эхийнхээ хэвлийд байхын л тэр Ариун Сүнсээр дүүрсэн байх болно. Тэр, Израилийн хөвгүүдээс олныг Эзэн Бурханд нь эргүүлэх болно. Бас тэрээр Түүний өмнө Елиагийн сүнс ба хүч дор явж эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүйчүүлийг зөвтийн мэргэн ухаанд эргүүлэн, Эзэний төлөө бэлтгэгдсэн ард олныг бэлэн болгох юм гэв. Захариа, тэнгэрэлчид —Би үүнийг юугаар мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд тэнгэрэлч хариуд нь түүнд —Би Бурханы өмнө зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайнмэдээг чамд тунхаглах мөн чамтай ярилцахаар илгээгдсэн юм. Харагтун, цагтаа биелэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээрийг тохиолдох өдрийг хүртэл чи хэлгүй болоод, ярьж чадахгүй гэлээ. Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгожээ. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан бөгөөд тийнхүү хэлгүй хэвээр хоцорчээ. Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад тэр гэртээ харив. Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж — Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн намайг таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээж өгсөн нь энэ ажээ гэв. Габриел тэнгэрэлчийг Галилын Назар хот уруу зургадугаар сард Бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт Габриел хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. Орж ирээд тэнгэрэлч түүнд —Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар эргэцүүлэв. Тэнгэрэлч, түүнд —Мариа, бүү ай. Чи Бурханы тааллыг олжээ. Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж Хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд хаанчлалд нь төгсгөл гэж үгүй гэсэнд Мариа тэнгэрэлчид —Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно. Үзэгтүн, чиний садан Елизабет, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй мөн өтөл насандаа хүүхэд олоод, одоо зургаан сартай. Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. Мариа —Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо. Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. Мариагийн мэндийг Елизабет сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдөлжээ. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, чанга дуугаар хашхиран —Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ. Яасан гэж Эзэний минь эх над дээр ирдэг билээ? Харагтун, мэндийн дуу чинь чихэнд минь сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ! хэмээв. Мариа —Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, Сүнс минь ч Аврагч Бурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ Дарууг олж харсан билээ. Харагтун, энэ цагаас хойш намайг Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно. Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө Агуу үйлсийг хийсэн билээ. Түүний нэр ариун билээ. Өршөөл нь Түүнээс эмээгчдэд Үеэс үед байх болно. Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж, Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг Тэр тараасан билээ. Удирдагчдыг сэнтийнээс нь буулган Даруу байгсдыг Тэр өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, Баячуудыг гар хоосон буцаав. Өөрийнхөө зарц Израильд Өршөөлөө бодож Тэр туслав. Бидний эцэг өвгөдөд Абрахамд болон үр удамд нь Өнө айлдсанчлан үйлдсэн билээ. Мариа, Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.