ЛЕВИТ 7:1-10
ЛЕВИТ 7:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
“Ялын тахилын хууль ийм болой. Энэ нь ариунаас ариун бөлгөө. Шатаалт тахилыг нядалдаг газар тэд ялын тахилыг нядалж, цусыг нь тахилын ширээг тойруулан цацах ёстой. Тэр үүнээс бүх өөхийг нь буюу сүүл, сэмж, хоёр бөөрийг түүний дээрх, ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөх ёстой. Тахилч эдгээрийг ЭЗЭНд галан тахил болгон тахилын ширээн дээр шатааг. Энэ нь ялын тахил болой. Тахилч нарын эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Үүнийг ариун газарт идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой. Ялын тахил нь нүглийн тахилтай адил нэг л хуультай болой. Үүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч үүнийг авна. Хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч нь өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна. Зууханд жигнэсэн идээн өргөл бүр мөн саванд эсвэл хайруулын тавган дээр хийсэн болгон нь үүнийг өргөх тахилчийнх болой. Тосонд багсарсан эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд, ах дүү тусбүрд тэнцүү ногдоно.
ЛЕВИТ 7:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэмийн төлөөх тахилын хууль нь ийм юм. Энэ нь хамгийн ариун бөлгөө. Тэдний шатаалт тахилыг нядалдаг газарт тэд гэмийн төлөөх тахилыг нядлах ёстой. Цусыг нь тэр тахилын ширээ уруу тойруулан цацна. Тэгээд тэр түүнээс бүх өөхийг нь өргөхдөө сүүл, сэмж, ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг өргөнө. Тахилч тэдгээрийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ бол гэмийн төлөөх тахил болой. Тахилч нарын дундах эр хүйстэн бүр түүнийг идэж болно. Энэ нь ариун газарт идэгдэх ёстой. Энэ нь хамгийн ариун болой. Гэмийн төлөөх тахил нь нүглийн төлөөх тахилтай адил бөгөөд эдгээрт нэг л хууль байх болой. Түүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч түүнийг авах болно. Мөн хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна. Түүнчлэн зууханд жигнэгдсэн идээн өргөл бүр, саванд эсвэл хайруулын тавган дээр бэлтгэгдсэн болгон нь түүнийг өргөх тахилчид оногдох болой. Тостой хольсон, эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд тэнцүү оногдоно.