ГАШУУДАЛ 5:1-22

ГАШУУДАЛ 5:1-22 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач, Хэрхэн зэмлэгдсэнийг маань үзээч! Харийнхан уруу өв маань эргэж, Гаднынхан орон гэрүүдэд маань очжээ. Эцэггүй өнчин болов, бид чинь. Эхчүүд маань бэлэвсрэв. Усаа хөлс төлж ууна, түлээгээ үнээр авна. Мөшгөгчид шил даран хөөнө. Амсхийхгүй байсаар бид туйлдана. Хүрэлцэхүйц талх олох гэж Египет, Ассирид захирагдав. Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл энэ гайг авчрав. Өнөө бид шийтгэлийг нь үүрэн тэмтчиж байна. Боолууддаа ноёрхуулав. Гараас нь биднийг салгах хүн ч алга. Цөл дэх илд хурц тул Талх тариа авах нь амь өрссөн ажил болов. Ган гачгийн төөнөм халуун зуухны улмаас Бидний арьс харлав. Сионд эмэгтэйчүүд, Иудагийн хотуудад онгон охид маань хүчиндүүлэв. Хан хөвгүүд гараасаа дүүжлүүлж, Ахмадууд минь эс хүндлэгдэв. Залуу эрс тээрэмд зүтгэв. Бага залуус гуалин мод үүрч гуйвав. Ахмадууд гулдан хаалгануудаас, Залуус хөгжмөөсөө холдов. Зүрхний баяр хөөр маань зогсов. Бүжиг маань халаглалаар солигдов. Толгойноос маань титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ! Иймд зүрх маань зовуурлав. Тиймд нүд маань сүүмийв. Сион уул эзгүйрч Цөөвөр чононууд холхив. ЭЗЭН, харин Та мөнхөд захирдаг. Хаан сэнтий тань үеэс үед оршдог. Юунд Та биднийгээ ор тас мартав? Юунд Та биднийгээ удаан орхино вэ? Биднийгээ сэргээхийн тулд, ЭЗЭН, Биднийг Өөртөө сэргээгээч. Урьдын өдрүүд шигээ шинэчлээч. Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч Бидэнд ихээр уурласан билээ.

ГАШУУДАЛ 5:1-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач. Харж, бидний зэмлэлийг үзээч! Бидний өв харийнхан уруу, гэрүүд маань гаднын хүмүүс уруу эргүүлэн өгөгдөв. Бид эцэггүй өнчин болсон бөгөөд эхчүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд мэт байна. Бид уух усныхаа төлөө хөлс төлж, түлээ маань үнэтэй байна. Биднийг мөшгөгчид хүзүүнд маань тулаад ирлээ. Бид эцэж, бидэнд ямар ч амралт алга. Хангалттай талхыг олохын тулд бид Египет, Ассирид захирагдав. Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм. Боолууд биднийг ноёрхож байна. Тэдний гараас биднийг салгах хэн ч алга. Цөл дэх илдний улмаас бид амь өрсөн талхаа олж авдаг. Ган гачгийн шатаах халууны улмаас бидний арьс зуух шиг халуун болов. Тэд Сионд эмэгтэйчүүдийг, Иудагийн хотуудад онгон охидыг хүчиндэв. Хан хөвгүүд гараасаа дүүжлэгджээ. Ахмадууд үл хүндлэгджээ. Залуу эрэгтэйчүүд тээрэмд ажилласан бөгөөд залуус гуалин модны дор бүдрэв. Ахмадууд дааман хаалгануудаас, залуус хөгжмөөсөө холдов. Бидний зүрхний баяр хөөр зогсов. Бидний бүжиг уй гашуугаар солигдов. Бидний толгойноос титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа! Үүний улмаас бидний зүрх доройтон, эдгээр зүйлсийн улмаас бидний нүд сүүмийнэ. Эзгүйрэн хэвтэх Сион уулын улмаас үнэгүүд дээгүүр нь гэтнэ. ЭЗЭН, Та мөнхөд захирдаг. Таны хаан ширээ үеэс үед оршино. Юунд Та биднийг үүрд мартана вэ? Юунд Та биднийг ийм удаан орхино вэ? Бид сэргээгдэхийн тулд, ЭЗЭН, биднийг Өөр уруугаа сэргээгээч. Урьдынх шиг бидний өдрүүдийг шинэчлээч. Эс бөгөөс Та биднээс бүрмөсөн татгалзаж, бидэнд хэтэрхий их уурлах вий.