ИОЕЛ 2:12-32

ИОЕЛ 2:12-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН тунхаглаж байна. “Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн! Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ. ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ? Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган, ёслолын чуулганыг зарлан тунхаглагтун. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч, хүүхдүүдийг болон хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Болзоот залууг өрөөнөөс нь, сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун. ЭЗЭНд үйлчлэгчид болох тахилч нар сүмийн үүдний танхим болон тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол болон үндэстнүүдийн дунд зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” гэж хэлэг. Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж, Өөрийн ард түмнээ өрөвдөх болно. ЭЗЭН хариулан, Өөрийн ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс болон тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг үндэстнүүдийн дунд зэмлэл болгохгүй. Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан, тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорнын далай уруу, арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна. Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно. Газар аа, бүү айгтун, хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн билээ. Талын араатнууд аа, бүү айгтун. Учир нь хээрийн бэлчээрүүд ногоорч, мод үр жимсээ гарган, инжрийн мод болон усан үзмийн мод арвин жимсэлсэн билээ. Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Өөрийн Бурхан ЭЗЭНий дотор баясаж баярлагтун. Учир нь Тэр та нарыг зөвтгөхийн тулд эхний бороог та нарт хүртээн, та нарын төлөө бороог асгаж, урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгсөн. Үтрэмүүд тариагаар дүүрч, торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно. “Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө. Та нар идэх юмаар хангалуун байх бөгөөд цатгалан болж, та нарт гайхамшгийг хийж өгсөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг магтах болно. Тэгээд Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй. Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг, мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно. Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй. Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ. Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана. Би тэнгэр болон газарт гайхамшгт тэмдгийг үзүүлнэ. Тэр нь цус, гал ба утаан багананууд болой. ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна. ЭЗЭНий нэрийг дуудагч хэн боловч аврагдах болно. Учир нь, ЭЗЭНий айлдсанчлан Түүний дууддаг үлдэгсдийн дунд ч хүртэл Сион ууланд болон Иерусалимд амь мултрах хүмүүс байх болно.

Хуваалцах
ИОЕЛ 2 унших

ИОЕЛ 2:12-32 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН тунхаглаж байна. “Одоо гэлтгүй мацаг, уйлаан, гашуудал дор Над уруу зүрхээрээ эргэгтүн! Та нар хувцсаа биш, Харин зүрхээ урж тасчигтун” Бурхан ЭЗЭНдээ эргэгтүн. Учир нь Тэрээр нигүүлсэнгүй, өршөөнгүй, Уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, Шийтгэхдээ зөөлөрдөг. ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ? Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун. Ард түмнийг цуглуулж, чуулганыг ариусга. Ахмадуудыг авчирч, Хүүхдүүд, хөхүүл хүүхдүүдийг цуглуулагтун. Сүйт залууг өрөөнөөс нь, Сүйт бүсгүйг унтлагын өрөөнөөс нь гаргагтун. ЭЗЭНд үйлчлэгч, тахилч нар сүмийн үүдний танхим, Тахилын ширээний хооронд уйлагтун. Тэд “ЭЗЭН, ард түмнээ хэлтрүүлээч. Өөрийн өвийг доромжлол, Үндэстнүүдийн дундах зүйрлэл бүү болгооч. Яагаад тэд ард түмнүүдийн дунд «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэлцэх ёстой юм бэ?” гэж хэлэг. Дараа нь ЭЗЭН газраа чандлан, Ард түмнээ өрөвдөнө. ЭЗЭН хариулж, ард түмэндээ “Үзэгтүн, Би та нарт үр тариа, усан үзмийн шинэ дарс, тосыг илгээх гэж байна. Та нар түүгээр хангагдах болно. Би хэзээ ч дахин та нарыг Үндэстнүүдийн дунд доромжлол болгохгүй. Харин Би хойд зүгийнхнийг та нараас алс холдуулан Тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, Тэдний манлайг дорнын тэнгис уруу, Арын хамгаалалтыг нь өрнийн тэнгис уруу хөөн зайлуулна. Муухай үнэр нь дэгдэн Эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь Тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно. Газар аа, бүү айгтун, Хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн. Хээр талын адгуус амьтад аа, бүү айгтун. Учир нь цөлийн бэлчээр ч ногоорч, Мод үр жимсээ гарган Инжрийн мод, усан үзмийн мод ургацаа өгнө. Сионы хөвгүүд ээ, хөгжилтэй байгтун. Бурхан ЭЗЭНийхээ дотор баясаж баярлагтун. Учир нь Тэрээр эхний бороог Зөвтгөлийн учир та нарт хүртээн Та нарын төлөө бороо асгаж, Урьдын адил эхний болон сүүлийн бороог оруулж өгнө. Үтрэмүүд тариагаар дүүрч, Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно. “Дараа нь та нарын эсрэг Миний илгээсэн агуу их цэрэг буюу Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө. Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй. Ингэж Намайг Израилийн дунд байгааг болон Намайг Бурхан ЭЗЭН чинь бөгөөд өөр хэн ч биш гэдгийг Та нар мэдэх болно. Ард түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй. Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж, Залуус чинь үзэгдэл үзнэ. Боол шивэгчингүүд дээр ч Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана. Би тэнгэр ба газарт совин ёр үзүүлнэ. Тэр нь цус, гал, утаан багананууд болой. ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно. ЭЗЭНий нэрийг дууддаг бүхэн аврагдах болно. ЭЗЭНий айлдсанаар Сион уул ба Иерусалимын хувьд Тэнд зугтагсад байх болно ЭЗЭНий айлдсанаар ЭЗЭНий дуудсан хүмүүс Амь мултрагсдын дунд байх болно.

Хуваалцах
ИОЕЛ 2 унших

ИОЕЛ 2:12-32

ИОЕЛ 2:12-32 АБ2004ИОЕЛ 2:12-32 АБ2004

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна