ИОХАН 8:21-59

ИОХАН 8:21-59 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэдэнд дахин —Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. Тэгтэл иудейчүүд —“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлснээрээ Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв. Есүс тэдэнд —Та нар доороос, Би дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Хэрэв та нар Би байгаа гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ. Тэгээд тэд Түүнд —Та хэн юм бэ? гэхэд нь Есүс —Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна. Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. Тэр тэдэнд Эцэгийнхээ тухай хэлснийг тэд ойлгосонгүй. Тиймээс Есүс [тэдэнд] —Та нар Хүний Хүүг өргөвөл, Би байгаа гэдгийг мөн Би юуг ч Өөрөөсөө хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. Намайг Илгээгч нь Надтай байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. Ийн айлдахад нь Түүнд олноороо итгэв. Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв. Тэд хариуд нь Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг. Иймээс Хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Та нар бол Абрахамын үр удам гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна. Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би ярьдаг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л үйлддэг шүү дээ гэв. Тэд Түүнд —Бидний эцэг бол Абрахам гэсэнд Есүс тэдэнд —Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол Абрахамын үйлдсэнийг үйлдэхсэн. Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн Хүнийг буюу Намайг одоо та нар алахыг оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй. Та нар эцгийнхээ үйлсийг л хийж байна гэж айлдсанд тэд Түүнд —Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан. Би Бурханаас ирсэн билээ. Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Энэ нь та нар үгийг минь сонсож чадахгүй байгаагийн учир юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг. Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. Намайг нүгэлтэй гэж нотлох хүн та нарын дотор байна уу? Тэгвэл Би үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад үл итгэнэ вэ? Бурханых нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир үүнийг сонсдоггүй гэлээ. Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд Есүс —Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Эцэгээ хүндэтгэдэг, та нар Намайг хүндэтгэдэггүй. Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин хайдаг, шүүдэг Нэгэн бий. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд иудейчүүд Түүнд —Чөтгөр шүглэснийг чинь одоо мэдлээ. Абрахам мөн эш үзүүлэгчид ч үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн үгийг минь сахивал үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна. Бидний өвөг Абрахам ч үхсэн. Түүнээс ч Та агуу юм уу? Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв. Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал Миний алдар юу ч биш. Харин Намайг алдаршуулдаг нь Эцэг минь бөгөөд та нар “Тэр бидний Бурхан” гэдэг шүү дээ. Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг. Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд хөөрөн баясаж байсан. Үүнийг тэр хараад, баярласан гэв. Иудейчүүд Түүнд —Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав. Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан сүмээс гарлаа. Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар явж өнгөрөв.

Хуваалцах
ИОХАН 8 унших

ИОХАН 8:21-59 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс тэдэнд дахин —Би явна. Та нар Намайг эрсээр, нүглийнхээ дотор үхнэ. Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй гэж айлдав. Тэгтэл иудейчүүд —“Би хаашаа явна, та нар тэнд очиж чадахгүй” гэж хэлж байгаа тул Тэр Өөрийгөө егүүтгэх гээгүй байлтай? гэв. Есүс тэдэнд —Та нар доороос, Би бол дээрээс юм. Та нар энэ ертөнцийнх, Би энэ ертөнцийнх биш. Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар “Би байдаг” гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ. Тэгээд тэд Түүнд —Та хэн юм бэ? гэхэд нь Есүс —Эхнээсээ та нарт өгүүлж байгаа Тэр байна. Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав. Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгүй. Тиймээс Есүс [тэдэнд] —Та нар Хүний Хүүг өргөвөл, “Би байдаг” гэдгийг, мөн Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно. Намайг Илгээгч нь Надтай хамт байгаа. Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй гэв. Ийн айлдахад нь олон хүн Түүнд итгэх болов. Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд тэд Түүнд —Бид Абрахамын удам бөгөөд хэзээ ч хэнд ч боолчлогдож байгаагүй. “Та нар эрх чөлөөтэй болно” гэж Та юунд хэлнэ вэ? гэв. Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин хүү л мөнхөд байдаг. Иймээс хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Та нар бол Абрахамын үр удам мөн гэдгийг Би мэднэ. Гэвч та нарын дотор Миний үг байх зайгүй учир та нар Намайг алахыг оролдож байна. Эцэгтэйгээ байхдаа харсан зүйлсээ Би хэлдэг. Та нар ч гэсэн эцгээсээ сонссон зүйлсээ л хийдэг шүү дээ гэв. Тэд Түүнд —Бидний эцэг бол Абрахам мөн гэсэнд Есүс тэдэнд —Хэрэв та нар Абрахамын хүүхдүүд байсан бол, Абрахамын хийснийг үйлдэхсэн. Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй. Та нар эцгийнхээ үйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Түүнд —Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв. Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Өөрийн санаагаар ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм. Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна. Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай. Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд үнэн дотор зогсдоггүй. Учир нь түүнд үнэн байдаггүй. Тэр худал хэлэхдээ, чухам өөрөөсөө хэлдэг. Учир нь тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг нь юм. Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна. Намайг нүгэлтэй гэх хүн та нарын дотор байна уу? Хэрэв Би үнэнийг хэлдэг бол та нар яагаад Надад үл итгэнэ вэ? Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ. Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бидний хэлж байгаа нь зөв биз дээ? гэхэд Есүс —Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Өөрийн Эцэгийг хүндэтгэдэг. Та нар Намайг хүндэтгэдэггүй. Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин түүнийг хайдаг, шүүдэг Нэгэн бий. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд иудейчүүд Түүнд —Танд чөтгөр шүглэсэн гэдгийг бид одоо мэдлээ. Абрахам болон эш үзүүлэгчид ч мөн үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн Миний үгийг сахивал, үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна. Та бидний өвөг Абрахамаас ч агуу юм уу? Тэр үхсэн. Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв. Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал, Миний алдар юу ч биш. “Тэр бол бидний Бурхан” гэж та нарын хэлдэг, Миний Эцэг л Намайг алдаршуулдаг. Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл, Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг. Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг Тэр хараад, баяртай байсан гэв. Иудейчүүд Түүнд —Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айлдав. Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан, сүмээс гарлаа. [Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар яван өнгөрлөө].

Хуваалцах
ИОХАН 8 унших