ИОХАН 7:1-52

ИОХАН 7:1-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үүний дараа нь Есүс Галилаар явж байлаа. Учир нь иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. Иудейчүүдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв. Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс холдоод, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань мөн Таны хийж байгаа үйлсийг харна. Учир нь өөрөө нийтэд ил байхыг хүсэж байгаа бол хэн ч юуг ч нууцаар хийдэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол, Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд —Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ. Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа. Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж —Тэр хаана байна? гэцгээж байв. Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйцсэн шивнэлдээн их өрнөж байлаа. Зарим нь —Тэр сайн хүн гэхэд, зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэж ярьж байв. Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч илээр ярьсангүй. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаж эхлэв. Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа. Есүс тэдэнд —Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй. Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. Хурсан олон —Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ. Есүс тэдэнд —Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна. Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүний хөвч хөнддөг. Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу? Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав. Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь —Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа. Есүс сүм дотор хашхиран сургаж —Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. Би Түүнийг мэднэ. Учир нь Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн гэж айлдсанд тэд Есүсийг барих гэсэн боловч, хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ. Тэд —Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа. Есүсийн тухай хүмүүс ингэж шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээв. Тэгтэл Есүс —Би та нартай хамт түр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна. Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй гэж айлдсанд иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хүмүүсийн дунд суурьшсан иудейчүүд уруу очиж, грек хүмүүст сургаалаа заах гэсэн юм болов уу? “Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун. Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв. Есүст итгэсэн хүмүүсийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Учир нь Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс өгөгдөөгүй байлаа. Хүмүүсийн зарим нь энэ үгсийг сонсоод, —Энэ үнэхээр өнөөх Эш үзүүлэгч мөн байна гэхэд, зарим нь —Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь —Христ Галилаас гарахгүй биз дээ? Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Сударт хэлдэг биш үү? гэв. Тэгээд Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ. Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Тэгээд харуулуудыг ахлах тахилч нар болон фарисайчууд дээр ирэхэд, тэднээс —Та нар Түүнийг юунд авч ирсэнгүй вэ? гэсэнд харуулууд —Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ. Тэгтэл фарисайчууд тэдэнд —Та нар бас төөрчихөв үү? Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ? Харин Хуулийг мэддэггүй энэ ард олон л хараагджээ гэлээ. Тэдний нэг болох урьд нь Есүс уруу ирсэн Никодем тэдэнд — Бидний Хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв. Тэд түүнд —Та бас Галилынх уу? Нягтлан үз, Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хэлэв.

Хуваалцах
ИОХАН 7 унших

ИОХАН 7:1-52 Ариун Библи 2013 (АБ2013)

Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс хөдөлж, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харна. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хэн ч нууцаар үйлддэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй ажээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд —Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. Тэдэнд ийн хэлээд Тэр Галилд үлджээ. Гэвч дүү нар нь баярт явахад Есүс ч ил биш, нууцаар явлаа. Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж —Тэр хаана байна? гэцгээж байв. Хурсан олны дунд Есүсийн тухайд дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь —Тэр сайн хүн гэхэд зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв. Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч ил ярьсангүй. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаал зааж эхэллээ. Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ? гээд гайхацгаав. Есүс тэдэнд —Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь Илгээгчийн алдрыг Хайгч Тэр бол үнэн мөн. Түүний дотор зүй бус гэж үгүй. Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. Хурсан олон —Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гээв? гэжээ. Есүс тэдэнд —Би нэг үйл хийсэн бөгөөд та нар бүгд гайхаж байна. Мосе та нарт хозлол өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүнийг хозолдог. Мосегийн хуулийг зөрчихгүйн тулд хүн Амралтын өдөр ч хозлуулдаг бол, Би Амралтын өдөр хүнийг бүхлээр нь эдгээсэн учраас та нар Надад уурлана уу? Гаднах төрхөөр нь бүү шүү, харин шударга шүүлтээр шүү гэж айлдав. Тэгтэл Иерусалимынхны зарим нь —Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэцгээж байлаа. Есүс сүм дотор сургахдаа хашхиран —Та нар Намайг мэднэ, бас хаанаас ирснийг минь ч мэднэ. Би Өөрөөсөө ирээгүй. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. Би Түүнээс ирсэн тул Би Түүнийг мэдэх бөгөөд Тэр Намайг илгээсэн гэсэнд тэд Есүсийг барих гэсэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэн —Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа. Есүсийн тухай хүмүүс ийн шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээлээ. Тэгтэл Есүс —Би та нартай түр зуур байна, тэгээд Намайг Илгээгч уруу явна. Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар очиж чадахгүй гэж айлдсанд иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу? “Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, та нар очиж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс тэнд өгөгдөөгүй байлаа. Ард олны зарим нь энэ үгсийг сонсоод —Өнөөх эш үзүүлэгч чинь энэ үнэхээр мөн байна гэхэд зарим нь —Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь —Христ Галилаас гарахгүй биз дээ? Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Бичвэр хэлдэг биш үү? гэв. Тэгээд Есүсээс болж ард олны дотор хагарал гарчээ. Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Тэгээд харуулууд ахлах тахилч нар ба фарисайчууд дээр ирэхэд тэднээс —Та нар Түүнийг яагаад авч ирсэнгүй вэ? гэв. Харуулууд —Хүн хэзээ ч үүн шиг ярьж байсангүй гэжээ. Тэгтэл фарисайчууд тэдэнд —Та нар бас төөрчихөв үү? Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ? Харин хууль мэддэггүй энэ ард олон л хараагдаж гэв. Тэдний нэг болох урьд нь Есүс дээр ирсэн Никодем тэдэнд — Бидний хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв. Тэд түүнд —Чи бас Галилынх уу? Нягтлаад үз. Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хариулав.

Хуваалцах
ИОХАН 7 унших