ИОХАН 7:1-31
ИОХАН 7:1-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үүний дараа нь Есүс Галилаар явж байлаа. Учир нь иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. Иудейчүүдийн баяр болох Майхан Баяр ойртсон байв. Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс холдоод, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань мөн Таны хийж байгаа үйлсийг харна. Учир нь өөрөө нийтэд ил байхыг хүсэж байгаа бол хэн ч юуг ч нууцаар хийдэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол, Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй байжээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд —Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин Намайг үзэн яддаг. Яагаад гэвэл ертөнцийн үйлс бузар гэж Би гэрчилдэг. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. Тэдэнд ийн хэлээд, Тэр Галилд үлджээ. Гэвч дүү нар нь баярт явсны дараа Есүс ч Өөрөө ил биш, нууцаар явлаа. Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж —Тэр хаана байна? гэцгээж байв. Хурсан олны дунд Есүсийн тухай дургүйцсэн шивнэлдээн их өрнөж байлаа. Зарим нь —Тэр сайн хүн гэхэд, зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэж ярьж байв. Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч илээр ярьсангүй. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаж эхлэв. Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж мэдлэгтэй болсон байдаг билээ? гээд ихэд гайхлаа. Есүс тэдэнд —Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь илгээгч Нэгэний алдрыг Хайгч, Тэр бол үнэн мөн. Түүний дотор зөвт бус байдал нь байхгүй. Та нарт Мосе Хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч Хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. Хурсан олон —Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гэв? гэжээ. Есүс тэдэнд —Би нэг ажил хийсэн. Тэгэхэд та нар бүгд гайхаж байна. Үүний улмаас Мосе та нарт хөвч хөндөлт өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн юм) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүний хөвч хөнддөг. Мосегийн Хуулийг зөрчихгүйн тулд хэрэв хүн Амралтын өдөр ч хөвч хөндүүлдэг бол, Би Амралтын өдөр хүн эдгээсэн учраас та нар Надад уурлана уу? Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав. Тэгтэл Иерусалимын иргэдийн зарим нь —Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэж ярьж байлаа. Есүс сүм дотор хашхиран сургаж —Та нар Намайг мэднэ. Бас Миний хаанаас ирснийг ч мэднэ. Би Өөрөөсөө ирсэн биш, харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. Би Түүнийг мэднэ. Учир нь Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн гэж айлдсанд тэд Есүсийг барих гэсэн боловч, хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэжээ. Тэд —Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа.
ИОХАН 7:1-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс хөдөлж, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харна. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хэн ч нууцаар үйлддэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй ажээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд —Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. Тэдэнд ийн хэлээд Тэр Галилд үлджээ. Гэвч дүү нар нь баярт явахад Есүс ч ил биш, нууцаар явлаа. Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж —Тэр хаана байна? гэцгээж байв. Хурсан олны дунд Есүсийн тухайд дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь —Тэр сайн хүн гэхэд зарим нь —Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв. Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч ил ярьсангүй. Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаал зааж эхэллээ. Иудейчүүд —Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ? гээд гайхацгаав. Есүс тэдэнд —Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь Илгээгчийн алдрыг Хайгч Тэр бол үнэн мөн. Түүний дотор зүй бус гэж үгүй. Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. Хурсан олон —Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гээв? гэжээ. Есүс тэдэнд —Би нэг үйл хийсэн бөгөөд та нар бүгд гайхаж байна. Мосе та нарт хозлол өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүнийг хозолдог. Мосегийн хуулийг зөрчихгүйн тулд хүн Амралтын өдөр ч хозлуулдаг бол, Би Амралтын өдөр хүнийг бүхлээр нь эдгээсэн учраас та нар Надад уурлана уу? Гаднах төрхөөр нь бүү шүү, харин шударга шүүлтээр шүү гэж айлдав. Тэгтэл Иерусалимынхны зарим нь —Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэцгээж байлаа. Есүс сүм дотор сургахдаа хашхиран —Та нар Намайг мэднэ, бас хаанаас ирснийг минь ч мэднэ. Би Өөрөөсөө ирээгүй. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. Би Түүнээс ирсэн тул Би Түүнийг мэдэх бөгөөд Тэр Намайг илгээсэн гэсэнд тэд Есүсийг барих гэсэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэн —Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа.