ИОХАН 6:41-71
ИОХАН 6:41-71 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгтэл Есүсийн —Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэлдэж байлаа. Тэд —Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохлоор “Би бол тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв. Есүс тэдэнд —Та нар дотроо бүү дургүйцэн шивнэлд. Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна. “Тэд бүгд Бурханаар сургагдах болно” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай. Би бол амийн талх байна. Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа. Тэгтэл иудейчүүд хоорондоо —Энэ хүн Өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдаж эхлэв. Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна. Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Гэхдээ та нарын өвөг дээдэс идсэн, нас барсантай нь адилгүй, энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна гэлээ. Есүс Капернаумын синагогт заахдаа энэ бүхнийг айлджээ. Тэд үүнийг сонсоод, дагалдагчдаас олонх нь —Энэ чинь хэцүү үг байна. Үүнийг хэн сонсож чадах вэ? гэцгээв. Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа дургүйцэн шивнэлдэхийг мэдээд, тэдэнд —Энэ нь та нарыг бүдрүүлчихэв үү? Хэрэв та нар Хүний Хүү өмнө нь байсан газар уруугаа дээш гарахыг харвал яах вэ? Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. Есүс —Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа. Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй. Тэгээд Есүс арван хоёртоо —Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд, Симон Петр Түүнд —Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд Есүс тэдэнд —Би Өөрөө та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ. Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Учир нь тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.
ИОХАН 6:41-71 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэнгэрээс бууж ирсэн талх бол Би байгаа юм гэж Есүсийн айлдсанаас болж иудейчүүд Түүний талаар дургүйлхэн гүнгэнэлдэж — Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэхэд Есүс тэдэнд —Хоорондоо бүү гүнгэнэлд. Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. “Тэд бүгд Бурханаар сургагдана” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай. Амийн талх бол Би байгаа юм. Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа. Тэгтэл иудейчүүд өөр хоорондоо —Мах биеэ бидэнд идүүлэхээр энэ яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдацгаав. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэж, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уугч нь мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Миний мах жинхэнэ хоол, Миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч нь мөн Надаар амьдарна. Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Өвөг дээдэс чинь идээд, үхсэнтэй адилгүй, энэ талхыг идэгч нь мөнхөд амьдарна гэлээ. Есүс үүнийг Капернаумын синагогт заахдаа айлджээ. Тэд үүнийг сонсоод, дагалдагчдын олонх нь —Энэ чинь хэцүү үг байна. Хэн үүнийг сонсож чадах вэ? гэцгээв. Харин Есүс үүний тухай дагалдагчдынхаа гүнгэнэлдэхийг мэдээд, тэдэнд —Энэ та нарыг бүдрүүлчихэв үү? Хэрэв Хүний Хүү өмнө нь байсан газар өөдөө дээш гарахыг харвал та нар яах вэ? Амь өгдөг нь Сүнс, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. Есүс —Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа. Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй. Тэгээд Есүс арван хоёртоо —Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд Симон Петр Түүнд —Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд Есүс тэдэнд —Би та нарыг, арван хоёуланг чинь сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг нь диавол байна гэлээ. Есүс Искариотын Симоны хүү Иудасыг хэлжээ. Тэр арван хоёрын нэг бөгөөд Есүсийг барьж өгөх гэж байв.