ИОХАН 6:31-46

ИОХАН 6:31-46 Ариун Библи 2013 (АБ2013)

“Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. Есүс тэдэнд —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм. Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа. Тэнгэрээс бууж ирсэн талх бол Би байгаа юм гэж Есүсийн айлдсанаас болж иудейчүүд Түүний талаар дургүйлхэн гүнгэнэлдэж — Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэхэд Есүс тэдэнд —Хоорондоо бүү гүнгэнэлд. Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. “Тэд бүгд Бурханаар сургагдана” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм.

Хуваалцах
ИОХАН 6 унших

ИОХАН 6:31-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Тэр тэнгэрээс тэдэнд идэх талх өгөв” гэж бичигдсэнчлэн бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. Есүс тэдэнд —Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг үзсэн боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа. Тэгтэл Есүсийн —Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэлдэж байлаа. Тэд —Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохлоор “Би бол тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв. Есүс тэдэнд —Та нар дотроо бүү дургүйцэн шивнэлд. Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна. “Тэд бүгд Бурханаар сургагдах болно” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм.

Хуваалцах
ИОХАН 6 унших