ИОХАН 6:25-51

ИОХАН 6:25-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнээс —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув. Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ. Тэгтэл тэд Түүнээс —Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд Есүс тэдэнд —Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав. Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна? “Тэр тэнгэрээс тэдэнд идэх талх өгөв” гэж бичигдсэнчлэн бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. Есүс тэдэнд —Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг үзсэн боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа. Тэгтэл Есүсийн —Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэлдэж байлаа. Тэд —Энэ чинь Иосефын хүү Есүс биш билүү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохлоор “Би бол тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэв. Есүс тэдэнд —Та нар дотроо бүү дургүйцэн шивнэлд. Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна. “Тэд бүгд Бурханаар сургагдах болно” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай. Би бол амийн талх байна. Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 6 унших

ИОХАН 6:25-51 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнд —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэв. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ. Тэгтэл тэд Түүнд —Бид Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ? гэсэнд Есүс тэдэнд —Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав. Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлдэх гэж байна? Та юу гүйцэлдүүлэх гэж байна? “Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. Есүс тэдэнд —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм. Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа. Тэнгэрээс бууж ирсэн талх бол Би байгаа юм гэж Есүсийн айлдсанаас болж иудейчүүд Түүний талаар дургүйлхэн гүнгэнэлдэж — Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ? гэлцэхэд Есүс тэдэнд —Хоорондоо бүү гүнгэнэлд. Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. “Тэд бүгд Бурханаар сургагдана” гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцэгээс сонсож, сурсан хүн бүр Над уруу ирдэг. Бурханаас ирсэн Нэгэнээс өөр хэн ч Эцэгийг хараагүй бөгөөд Тэр л Эцэгийг харсан юм. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хэн итгэнэ, тэр мөнх амьтай. Амийн талх бол Би байгаа юм. Өвөг дээдэс чинь цөлд манна идсэн бөгөөд үхэцгээсэн. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 6 унших