ИОХАН 6:1-40

ИОХАН 6:1-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үүний дараа Есүс Галил (буюу Тибер) нуурын нөгөө тал уруу явав. Үй олон хүн Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтэй хүмүүст үйлдсэн Түүний тэмдгийг харсан ажээ. Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. Иудейчүүдийн баяр болох Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. Есүс харцаа дээшлүүлэн, Өөр уруу нь үй олон хүн ирж буйг хараад, Филипт —Тэднийг хооллох талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Учир нь Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа. Филип Түүнд —Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв. Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей Есүст хандан — Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч тэр нь энэ олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс —Хүмүүсийг суулга гэв. Тэр газар нь их зүлэгтэй газар бөгөөд таван мянга орчим эрчүүд сууцгаасан байв. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, сууцгаасан хүмүүст тарааж өгөв. Мөн загасыг ч тэдний хүссэнээр өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул гэв. Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдэгдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ. Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа. Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад, завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийн харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа. Хүчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Гэвч Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байлаа. Тэнд ганц завинаас өөр завь байхгүй байсныг, Есүс шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг нуурын нөгөө талд зогссон хурсан олон дараа өдөр нь харжээ. Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс иржээ. Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд иржээ. Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнээс —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэж асуув. Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх аминд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүний дээр Эцэг Бурхан Өөрийн тамгаа дарсан юм гэлээ. Тэгтэл тэд Түүнээс —Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд Есүс тэдэнд —Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав. Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлддэг вэ? Та одоо ямар ажил хийж байна? “Тэр тэнгэрээс тэдэнд идэх талх өгөв” гэж бичигдсэнчлэн бидний өвөг дээдэс цөлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. Есүс тэдэнд —Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг үзсэн боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 6 унших

ИОХАН 6:1-40 Ариун Библи 2013 (АБ2013)

Үүний дараа Есүс Галилын буюу Тиберийн нуурын нөгөө тал уруу явав. Үй олноороо Түүнийг дагаж байлаа. Учир нь тэд өвчтөнүүдэд үйлдсэн тэмдгийг нь харсан ажээ. Есүс уулан дээр гарч, тэнд шавь нарынхаа хамт суув. Алгасал буюу иудейчүүдийн баяр ойртсон байлаа. Өөр дээр нь үй олон ирж буйг Есүс нүдээ өргөж хараад, Филипт —Тэдний идэх талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ. Есүс Филипийг сорихын тулд тийн асуужээ. Есүс юу хийхээ Өөрөө мэдэж байлаа. Филип Түүнд —Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв. Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей, Есүст — Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс —Хүмүүсийг суулга гэв. Тэр газар зүлэг ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим эрчүүд сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ. Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд —Ертөнцөд ирэх ёстой өнөөх эш үзүүлэгч үнэхээр энэ мөн гэж ярилцах болжээ. Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгох гэж байгааг Есүс мэдээд, зайлж, ганцаараа дахин уул өөд явлаа. Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж, завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа. Хүчтэй салхинд нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Харин Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байв. Нуурын нөгөө эрэг дээр зогсож байсан хурсан олон дараа өдөр нь энд ганцаас өөр завь байгаагүйг харжээ. Тэд мөн Есүсийг шавь нарынхаа хамт завинд суугаагүйг, харин шавь нар нь явсныг харав. Эзэн талархал өргөсний дараа хүмүүс талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тиберээс ирлээ. Тэгээд Есүс ч, шавь нар нь ч тэнд байхгүйг хараад, хурсан олон өөрсдөө завинуудад сууж, Есүсийг хайн Капернаумд ирэв. Тэд Түүнийг нуурын нөгөө талд олоод, Түүнд —Рабби, Та хэзээ энд ирсэн бэ? гэв. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ Намайг хайгаагүй, харин талх идэж цадсан учраас хайж байна. Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ. Тэгтэл тэд Түүнд —Бид Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ? гэсэнд Есүс тэдэнд —Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав. Тэд Түүнд —Тийм бол бид хараад Танд итгэх ямар тэмдгийг Та үйлдэх гэж байна? Та юу гүйцэлдүүлэх гэж байна? “Тэр тэдэнд тэнгэрийн талх өгөв” гэж бичигдсэнчлэн өвөг дээдэс маань цөлд манна идсэн гэцгээхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрийн жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд —Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач гэв. Есүс тэдэнд —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй. Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн. Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм. Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 6 унших