ИОХАН 5:1-30

ИОХАН 5:1-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үүний дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад нь Есүс Иерусалим уруу очив. Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ.] Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад мөнөөх өвчтэй хүн —Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа. Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ. Харин тэр тэдэнд —Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад, яв” гэсэн гэж хариулахад, тэд —“Дэвсгэрээ аваад, яв” гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгаав. Гэвч мөнөөх эдгээгдсэн хүн Түүнийг хэн байсныг мэдээгүй юм. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. Дараа нь Есүс түүнийг сүмд олоод —Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв. Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. Харин [Есүс] тэдэнд —Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав. Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм. Есүс тэдэнд хандан —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг. Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр Өөрийн хийж байгаа бүхнийг Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг. Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно. Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ. Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ. Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.

Хуваалцах
ИОХАН 5 унших

ИОХАН 5:1-30 Ариун Библи 2013 (АБ2013)

Дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очив. Иерусалимын Хонины гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь Эзэний тэнгэрэлч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсөн даруйд түрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ.] Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад өвчтэй хүн —Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очсоор байтал өөр нэгэн надаас өмнө орчихдог гэсэнд Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа. Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд —Өнөөдөр Амралтын өдөр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ. Харин тэр тэдэнд —Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад алх” гэсэн гэж хариулахад тэд —“Дэвсгэрээ аваад, алх” гэж чамд хэлсэн хүн хэн бэ? гэж шалгаав. Гэвч хэн байсныг мөнөөх эдгээгдсэн хүн мэдээгүй юм. Тэр газар олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. Дараа нь Есүс түүнийг сүмд олоод —Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв. Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. Есүс эдгээр зүйлийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав. Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй мөн Бурханыг Эцэгээ хэмээн Өөрийгөө Бурхантай адилтгасан юм. Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Өөрөөсөө хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг. Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр хийж байгаа бүхнээ Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. Эцэг, үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн Хүү бас хүссэндээ амь өгдөг. Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно. Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ. Тэр бол Хүний Хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно. Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.

Хуваалцах
ИОХАН 5 унших