ИОХАН 4:1-26

ИОХАН 4:1-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс Иоханаас илүү олон хүнийг шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин Түүний шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) Иудейг орхин Галил уруу дахин явжээ. Есүс Самариар дайрч өнгөрөх болов. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үе байлаа. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэж гуйв. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа. Өнөөх Самари эмэгтэй —Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.) Есүс түүнд —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд, тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ? Та бидний өвөг Иаковаас агуу гэж үү? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. Есүс —Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд, эмэгтэй Түүнд —Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно гэв. Есүс —Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. Тэр —Би нөхөргүй гэсэнд Есүс —“Би нөхөргүй” гэж чи зүйтэй хэлэв. Учир нь чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. Есүс —Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. Тэр эмэгтэй Есүст —Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв. Есүс түүнд —Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.

Хуваалцах
ИОХАН 4 унших

ИОХАН 4:1-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Иоханаас илүү олон хүнийг Есүс шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, (хэдийгээр Есүс Өөрөө биш, харин шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) Иудейг орхин дахин Галил явжээ. Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов. Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын өгсөн газрын ойролцоо байв. Иаковын худаг тэнд байжээ. Аянд зүдэж цуцсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв. Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм өгөөч гэв. Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа. Өнөөх самари эмэгтэй —Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.) Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ? Энэ худгийг бидэнд өгсөн Иаков өвгөөс маань Та агуу гэж үү? Тэр өөрөө, түүний хөвгүүд, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. Есүс —Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд эмэгтэй Түүнд —Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв. Есүс —Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. Эмэгтэй —Би нөхөргүй гэсэнд Есүс —“Би нөхөргүй” гэж чи зөв хэлэв. Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. Эмэгтэй —Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. Өвөг дээдэс маань энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. Есүс —Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. Тэр эмэгтэй Есүст —Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Есүс түүнд —Тэр чинь чамтай ярьж буй Би байгаа юм гэж айлдав.

Хуваалцах
ИОХАН 4 унших