ИОХАН 3:1-36

ИОХАН 3:1-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

Фарисайчуудын дотор Никодем гэгч хүн байлаа. Тэр иудейчүүдийн удирдагчдын нэгэн байв. Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв. Есүс хариуд нь —Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд Никодем Түүнд —Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. Есүс —Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй. Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой. “Чи дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх. Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав. Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. Есүс —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилж байхад та нар бидний гэрчлэлийг хүлээн авдаггүй. Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг Би яривал, чи яаж итгэх юм бэ? Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй. Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм. Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй. Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ. Дараа нь Есүс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. Мөн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хүмүүс ирж баптисм хүртэж байлаа. Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогүй байв. Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. Тэд Иохан уруу ирж —Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд Иохан —Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. Тэр өсөж, харин би буурах ёстой гэж хэлэв. Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь [бүхний дээр байдаг]. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм. Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм. Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.

Хуваалцах
ИОХАН 3 унших

ИОХАН 3:1-36 Ариун Библи 2013 (АБ2013)

Фарисайчуудын дунд иудейчүүдийн удирдагч Никодем гэгч хүн байлаа. Есүс дээр тэр шөнөөр ирээд, Түүнд —Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж үл чадна гэв. Есүс хариуд нь —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд Никодем Түүнд —Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Эхийн хэвлийд тэр хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. Есүс —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ. “Та нар дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх. Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр ийм л байдаг гэж айлдав. Никодем Түүнээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. Есүс хариулахдаа —Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилдэг атал та нар гэрчлэлийг маань хүлээн авдаггүй. Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол тэнгэрийн юмсыг Би яривал чи яаж итгэх юм бэ? Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч үгүй. Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг Хүний Хүү ч бас өргөгдөх учиртай нь Түүнд итгэдэг бүхэн мөнх амьтай байхын тулд билээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ. Түүнд итгэдэг нь яллуулахгүй. Харин итгэдэггүй нь хэдийнээ яллуулсан нь Бурханы цор ганц Хүүгийн нэрд итгээгүйн учир юм. Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Муу муухайг үйлдэгч бүр үйлс нь илэрчих вий гэсэндээ гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй. Харин үнэнийг үйлдэгч, үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг гэлээ. Дараа нь Есүс шавь нартайгаа иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. Мөн Салимын ойролцоо Аенонд ус ихтэй тул Иохан тэнд баптисм хүртээж байв. Хүмүүс ирцгээж, баптисм хүртэж байлаа. Иохан хараахан шоронд хоригдоогүй байсан юм. Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. Тэд Иоханд ирж —Рабби, Иорданы нөгөө талд тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр, үзэгтүн, баптисм хүртээж, бүгд Түүнд очиж байна гэсэнд Иохан —Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. “Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж хэлснийг минь гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мөн. Харин зогсоод чагнагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. Тэр өсөж, харин би буурах ёстой гэв. Дээрээс Ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс Ирэгч бүхний дээр байдаг. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм. Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүгдийг өгсөн юм. Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.

Хуваалцах
ИОХАН 3 унших