ИОХАН 19:1-27
ИОХАН 19:1-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд Пилат, Есүсийг аваачиж ташуурдуулав. Цэргүүд сундуугаар титэм сүлжээд тэргүүн дээр нь тавьж, нил ягаан нөмрөг нөмөргөв. Тэд Түүн дээр ирж —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гээд хацрыг нь алгадаж байв. Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв. Есүс сундуун титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд —Энэ Хүнийг харагтун гэлээ. Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Түүнийг цовдол, цовдол гэж хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв. Иудейчүүд түүнд —Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Учир нь Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон гэж хариулав. Пилат үүнийг сонсоод улам их айж, дахин ордондоо орж Есүсээс —Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд хариу эс өгөв. Тиймд Пилат Түүнд —Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ. Есүс —Танд дээрээс өгөгдөөгүй л бол Надаас дээгүүр ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав. Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Та энэ Хүнийг суллавал Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн бүхэн Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв. Тэр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүх суудалд суув. Алгасал баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд —Харагтун, танай Хаан! гэв. Тэгтэл тэд —Тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв. Ингээд Пилат тэдэнд Түүнийг цовдлуулахаар өгчээ. Тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавалын газар хэмээх газар уруу явав. Тэнд тэд Түүнийг өөр хоёр хүний хамт, Есүсийг дунд нь, нөгөөдүүлийг хоёр талд нь цовдолжээ. Пилат мөн пайзан дээр «Назарын Есүс, Иудейчүүдийн Хаан» гэж бичээд, загалмай дээр тавиулав. Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грекээр бичсэн тул олон иудей үүнийг уншжээ. Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад —“Иудейчүүдийн Хаан” гэж биш, харин Түүний “Би бол Иудейчүүдийн Хаан” гэснийг бич гэв. Пилат —Бичсэнээ би бичсэн юм гэлээ. Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч, цэрэг бүрд нэг хувиар дөрвөн хэсэг хуваажээ. Дотуур хувцсыг нь ч бас авчээ. Энэ нь ямар ч оёдолгүй дээрээс нь битүү нэхсэн, дотуур хувцас бас байлаа. Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, хувцасны минь төлөө шодсон» [гэсэн] Бичвэр биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн эхийнх нь эгч болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, хараач, хүү чинь гэв. Дараа нь шавьдаа —Хараач, эх чинь гэж айлдав. Тэр цагаас шавь нь эхийг нь гэртээ аваачив.
ИОХАН 19:1-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав. Цэргүүд үүргэнээр титэм сүлжээд, Түүний толгой дээр тавьж, нил ягаан нөмрөг нөмрүүлэв. Тэд Түүн дээр ирж —Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав. Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв. Есүс үүргэнэн титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд —Энэ Хүнийг харагтун гэлээ. Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Цовдол, цовдол хэмээн хашхиралдлаа. Пилат тэдэнд —Өөрсдөө Түүнийг ав. Та нар цовдол. Миний хувьд Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв. Иудейчүүд түүнд хандан —Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Яагаад гэвэл Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон юм гэцгээж байлаа. Пилат үүнийг сонсоод улам их айж, дахин ордондоо орж Есүсээс —Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд юу ч хариулсангүй. Тиймд Пилат Түүнд —Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ. Есүс [түүнд] —Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол, Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тушаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж айлдав. Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Хэрэв та энэ Хүнийг суллавал, Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн болгон Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв. Тэдгээр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Шигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт шүүгчийн суудалд суув. Дээгүүр Өнгөрөх баярын бэлтгэл өдөр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд —Харагтун. Та нарын Хаан! гэж хэллээ. Тэгтэл тэд —Түүнийг тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хашхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас өөр хаан бидэнд байхгүй гэв. Ингээд Пилат Түүнийг цовдлуулахаар тэдэнд тушаалаа. Иймээс тэд Есүсийг аваад явлаа. Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын Газар хэмээх газар уруу явав. Тэнд Түүнийг өөр хоёр хүний хамт хүмүүс цовдолжээ. Есүсийг дунд нь, хоёр талд нь тэднийг цовдлов. Пилат мөн пайзан дээр «Иудейчүүдийн Хаан, Назарын Есүс» гэж бичээд, Есүсийн загалмай дээр тавиулжээ. Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бөгөөд пайзан дээр еврей, латин, грек хэлээр бичсэн тул олон иудейчүүд үүнийг уншжээ. Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад —“Иудейчүүдийн Хаан” гэж бүү бич. Харин Тэр “Би бол иудейчүүдийн Хаан” хэмээн хэлсэн гэв. Пилат —Бичсэн зүйлээ би бичсэн юм гэлээ. Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч дөрвөн хэсэг болгож хувь хувиа хүртжээ. Дээрээс нь битүү нэхсэн ямар ч оёдолгүй дотуур хувцас бас байлаа. Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг шийдэхийн тулд үүний төлөө шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь хуваан авч, Миний хувцасны төлөө шодох болно» [гэсэн] Судар биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс цэргүүд энэ бүхнийг үйлдсэн юм. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мөн нагац эгч нь болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм. Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, энэ бол таны хүү гээд, өнөөх шавьдаа —Энэ бол чиний эх гэж айлдав. Тэр цагаас хойш тэр шавь нь Есүсийн эхийг гэртээ аваачив.