ИОХАН 15:15-25

ИОХАН 15:15-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун. Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахисан бол, та нарынхыг бас сахих болно. Харин тэд Миний нэрээс болж та нарт энэ бүгдийг хийх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. Хэрэв Би ирж, тэдэнд хэлээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд өөрсдийн нүгэлд шалтаг байхгүй боллоо. Намайг үзэн яддаг хүн Миний Эцэгийг ч мөн үзэн яддаг. Хэрэв Би өөр хэний ч хийгээгүй ажлуудыг тэдний дунд хийгээгүйсэн бол, тэд гэм буруугүй байх байсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг минь үзэн ядаж байна. Харин “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн.

Хуваалцах
ИОХАН 15 унших

ИОХАН 15:15-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун. Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно. Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов. Намайг үзэн ядагч нь Эцэгийг минь ч мөн үзэн яддаг. Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна. Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ.

Хуваалцах
ИОХАН 15 унших