ИОХАН 14:15-23

ИОХАН 14:15-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. Хэсэг хугацааны дараа ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Яагаад гэвэл Би амьд байна. Та нар ч амьд байна. Би Өөрийн Эцэг дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. Иудас (Искариотын биш) Түүнд —Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэж асуухад Есүс —Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.

Хуваалцах
ИОХАН 14 унших

ИОХАН 14:15-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь. Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно. Би Эцэг дотроо, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. Иудас (Искариотын биш) Түүнд —Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэхэд Есүс —Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна.

Хуваалцах
ИОХАН 14 унших