ИОХАН 13:1-20

ИОХАН 13:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав. Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийн хийсэн байлаа. Эцэг нь бүх юмаа Өөрийнх нь мутарт өгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есүс мэдээд, зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлаад, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. Есүс түүнд хариулан —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно гэлээ. Тэгтэл Симон Петр Түүнд —Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш, бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. Есүс —Биеэ угаасан хүн хөлөө л угаах хэрэгтэй. Тэгвэл гүйцэд цэвэрхэн байна. Та нар цэвэр байна. Гэхдээ та нар бүгдээрээ биш шүү гэлээ. Учир нь Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ. Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд —Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу? Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн. Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ агуу биш, мөн илгээгдэгч нь илгээгчээсээ агуу биш юм. Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй. Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм. Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед “Би байдаг” гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээдэг хэнийг боловч хүлээн авч буй хүн Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг хүн Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 13 унших

ИОХАН 13:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав. Оройн зоогийн үеэр, Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнээ өгөхөд Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд, зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. Есүс хариуд нь —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ. Тэгтэл Симон Петр Түүнд —Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. Есүс —Усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү гэлээ. Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ. Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд —Та нарт Би юу хийснийг мэдэж байна уу? Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм. Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй. Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм. Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед Би байгаа гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авч буй нь Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.

Хуваалцах
ИОХАН 13 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна