ИОХАН 12:1-19
ИОХАН 12:1-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд Дээгүүр Өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө Есүс Бетанд иржээ. Тэнд Есүсийн үхлээс амилуулсан Лазар байлаа. Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байв. Харин Есүстэй хамт тухлан сууж байсан хүмүүсийн нэг нь Лазар байв. Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. Харин Есүсийн шавь нарын нэг буюу Түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Иудас — Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ. Тэгтэл Есүс —Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав. Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ. Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв. Учир нь Лазараас болж иудейчүүдээс олон хүн явж, Есүст итгэж байлаа. Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод, далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч, —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. Есүс залуу илжиг олж унасан байв. Энэ нь «Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. Шавь нар нь эдгээр зүйлсийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед эдгээр нь Түүний тухай бичсэн байсныг, мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэн гэдгийг нь санажээ. Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад нь Түүнтэй хамт байсан олон түмэн Есүсийг гэрчилж байлаа. Тиймээс олон түмэн Есүсийн эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.
ИОХАН 12:1-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Алгасал баяраас зургаан өдрийн өмнө, үхлээс амилуулагдсан Лазарын байсан Бетанд Есүс иржээ. Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа. Тэгтэл Мариа маш үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тосолж, үсээрээ арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. Харин шавь нарынх нь нэг, Түүнийг барьж өгөх Искариотын Иудас — Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж ядууст өгсөнгүй вэ? гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг авчихдаг байжээ. Тэгтэл Есүс —Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. Та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав. Иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр үй олноороо иржээ. Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв. Учир нь Лазараас болж иудейчүүд олноороо Есүст итгэж байлаа. Маргааш нь Есүсийг Иерусалим уруу ирж явааг баярт ирсэн үй олон сонсоод, далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. Есүс илжигний төл олж унасан байв. Энэ нь «Бүү ай, Сион охин! Харагтун, Хаан чинь байдсан илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. Шавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ. Есүс, Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. Тиймээс Есүс эдгээр тэмдгийг үйлдсэнийг ард олон сонссон тул Түүнийг угтав. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас ертөнц даяараа дагалаа гэцгээв.