ИОХАН 1:1-13
ИОХАН 1:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Тэр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй. Түүнд амь байсан бөгөөд амь нь хүмүүсийн гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй. Бурханаас илгээгдсэн нэгэн хүн байсан ба нэр нь Иохан юм. Иохан гэрлийн тухай гэрчилж, бүгдийг өөрөөрөө дамжуулан итгүүлэхийн тулд гэрчлэл хийхээр иржээ. Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ. Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэр ертөнцөд байсан. Ертөнц Түүгээр бий болсон атал, ертөнц Түүнийг таньсангүй. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.
ИОХАН 1:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. Тэрбээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ. Тэрээр мөнөөх гэрлийг гэрчлэх гэрчлэлийн төлөө ирсэн нь түүгээр дамжин бүгд итгэхийн тулд байлаа. Тэрээр өнөөх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ. Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв. Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнхөн нь Түүнийг эс хүлээн авчээ. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө. Тэд цусаар биш, махбодын хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төржээ.