ИЕРЕМИА 32:1-5

ИЕРЕМИА 32:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)

Иудагийн хаан Зедекиагийн аравдугаар онд буюу Небухаднезарын наймдугаар онд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв. Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв. Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжээд —Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна. Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана. Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байна. Харин чи халдеичуудын эсрэг тулалдвал, амжилт олохгүй» хэмээн ЭЗЭН тунхаглаж байна гэж хэлнэ вэ?” гэжээ.

ИЕРЕМИА 32:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иудагийн хаан Зедекиагийн арав дахь жилд буюу Небухаднезарын найм дахь жилд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв. Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв. Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжин, —Чи яагаад эш үзүүлэн, “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна. Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана. Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Хэрэв чи халдеичуудын эсрэг тулалдвал, чи дийлэхгүй» гэж хэлнэ вэ?” гэжээ.