ИАКОВ 3:1-12
ИАКОВ 3:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олон хүн багш болж болохгүй. Учир нь бид бүгд олон юман дээр бүдэрдэг. Хэрэв хэлэх үгэн дээрээ бүдэрдэггүй хүн байвал, тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна. Морьдыг залахын тулд бид аманд нь амгайвч хийж хазаарлаад бүх биеийг нь залдаг. Мөн усан онгоцнуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч бас л жижигхэн залуураар жолоодуулж залуурчийн хүссэн зүгт явдаг. Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун. Ийм өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг билээ. Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид, амьтад болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн. Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн. Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. Магтаал, хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй. Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү? Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг ургуулдаг бил үү? Давстай ус ч цэвэр цэнгэг усыг гаргадаггүй.
ИАКОВ 3:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүүс минь, багш нар бид үлэмж хүнд шүүлтэд орно гэдгийг мэдэн, та нараас олноороо багш бүү бол. Учир нь бид цөмөөрөө олон юман дээр бүдэрдэг. Үгэн дээрээ бүдэрдэггүй нэгэн байваас, тэрээр бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн болой. Морьдыг залахын тулд бид амыг нь амгайвчилж, бүх биеийг нь жолооддог. Мөн усан онгоцуудыг хар. Тэдгээр нь хэдийгээр агуу том болоод зогсохгүй хүчит салхинд туугддаг боловч жижигхэн залуураар залуурчийн хүссэнээр жолоодогддог. Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ. Хэл бол гал бөгөөд зүй бусын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг. Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн. Харин хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй муухай эд мөн. Бид хэлээр Эзэн ба Эцэгийг магтдаг. Бид түүгээр Бурханы төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг. Ерөөл хараал нэг л амнаас гардаг аж. Ах дүүс минь, ийм байж болохгүй. Булгийн нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг бил үү? Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг гаргаж чадах уу? Давстай ус ч цэвэр цэнгэг ус гаргадаггүй.