ИСАИА 9:2-6
ИСАИА 9:2-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав. Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму. Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ. Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана. Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.
ИСАИА 9:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харанхуйд алхаж яваа хүмүүс агуу их гэрлийг үзнэ. Харанхуй газарт амьдарч байгаа хүмүүс дээр гэрэл тусна. Та үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг, тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана. Учир нь Мидианы өдрийнх шиг тэднийг дарангуйлагчийн ташуур болох тэднийг дарамтлах буулга, мөрөн дээрх дөнгийг нь Та эвдэнэ. Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, цусанд өнхрүүлсэн хувцас бүхнийг галын түлш мэт шатаана. Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.