ИСАИА 63:1-14

ИСАИА 63:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”. Таны дээл яагаад улаан, Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ? “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд, ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн. Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч, Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ. Учир нь өшөө авалтын өдөр Миний зүрхэнд байсан бөгөөд Миний золилтын жил ирсэн бөлгөө. Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй. Намайг дэмжих хүн нэг ч байхгүйд нь Би гайхаж байсан. Тиймээс Миний Өөрийн мутар Надад авралыг авчран, Миний уур хилэн Намайг дэмжив. Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”. Би ЭЗЭНий энэрэл хайрыг дурьдан, ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрт үзүүлсэн агуу их ивээлийнх нь дагуу Түүний магтаалыг сануулав. Эдгээрийг Тэр Өөрийн өршөөлийн дагуу Өөрийн үлэмж их энэрэл хайрын ёсоор тэдэнд соёрхсон билээ. “Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав. Тэгээд Тэр тэдний Аврагч болов. Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ. Харин тэд эсэргүүцэн, Түүний Ариун Сүнсийг гомдоов. Тийм учраас Тэр эргэн, тэдний дайсан болж, тэдний эсрэг Өөрөө дайтсан юм. Дараа нь Түүний ард түмэн Мосегийн үеийн эртний өдрүүдийг дурсан санасан. Өөрийн сүргийн хоньчидтой нь хамт тэднийг тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Тэдний дунд Өөрийн Ариун Сүнсийг оруулсан Тэр хаана байна вэ? Хэн Мосегийн баруун гарт байхаар Өөрийн цог жавхлант мутрыг явуулсан бэ? Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд тэдний өмнө усыг хувааж, тэднийг гүн усан дундуур хэн удирдав? Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй. Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв. Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ.

Хуваалцах
ИСАИА 63 унших

ИСАИА 63:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастайгаар Едомоос ирэгч нь хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Хүч ихтэйгээр урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.” Дээл тань яагаад улаан, Хувцас тань яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ? “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд Ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Уурандаа Би тэднийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг дэвсэлжээ. Шүүс нь дээл уруу минь үсэрч, Би бүх хувцсаа бузарлачихлаа Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ. Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй. Намайг дэмжих хэн ч байхгүйд нь Би гайхав. Тиймээс Өөрийн мутар Надад авралыг авчран Уур хилэн минь Намайг дэмжив. Би уурандаа ард түмнүүдийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг согтоон, Шүүсийг нь газарт асгасан юм.” ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ. “Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан Аврагч нь болов. Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ. Харин тэд тэрслэн Ариун Сүнсийг нь гомдоов. Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод, Тэдний эсрэг дайтсан. Тэгэхэд ард түмэн нь Мосегийн үеийн, эртний өдрүүдийг дурсан санасан. Сүргийнхээ хоньчинтой нь хамт тэднийг Тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ? Дунд нь Ариун Сүнсээ оруулсан Тэр хаана байна вэ? Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж, Тал нутгаар морьдыг мэт Тэднийг бүдрүүлэхгүйгээр гүн усан дундуур хэн удирдав? Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэднийг амраав. Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Ард түмнээ Та ийнхүү удирджээ.

Хуваалцах
ИСАИА 63 унших