ИСАИА 55:3-11
ИСАИА 55:3-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Чихээ нээ! Над уруу ир! Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун. Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна. Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно. Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан, чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ. Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм”. Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун. Хилэнцтэн нь өөрийн замаа, шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод, ЭЗЭН уруу эргэх болтугай. Түүнийг Тэр өрөвдөнө. Бидний Бурхан уруу эргэгтүн. Учир нь Тэр өгөөмрөөр уучилна. “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ. Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, (харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг, идэгчид талхыг нь хангадаг.) Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй.
ИСАИА 55:3-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна. Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов. Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.” Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг Зам минь та нарын замаас, Бодол минь та нарын бодлоос өндөр билээ. Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, Газраас цухуйн ургуулж Тариачинд үрийг, идэгчдэд талхыг өгөгч газрыг Усалтлаа буцдаггүйтэй адил Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.