ИСАИА 52:1-12
ИСАИА 52:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо, хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь, хозлуулаагүй, бузар нь Цаашид чам уруу орохгүй. Шороогоо гөвөөд бос, Иерусалим аа. Хүзүүн дэх гав гинжээ мултал, олзлогдсон Сион охин оо. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үнэгүйгээр та нар худалдагдсан, мөнгөгүйгээр бас золигдоно.” Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Эхэнд нь ард түмэн минь Египет уруу цагаачлахаар одсон. Эцэст нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарласан. “Ард түмэн минь шалтгаангүйгээр аваачигдсан байхад одоо Би энд юу хийж байна аа?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэднийг захирагчид улилдан өдөр бүр нэрийг минь үргэлжлэн доромжилсоор” хэмээн ЭЗЭН айлдаж байна. “Тиймээс ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно. Тиймээс тэр өдөр «Энэ бол Би» гэж айлдагч нь Би юм.” Амар тайвныг сонордуулж, Сайн сайхныг мэдээлж Авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх Сайнмэдээ авчрагчийн хөл Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй? Харуулууд чинь дуугаа өргөн Хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна. ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ. Иерусалимын балгасууд аа, ЭЗЭН ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг зольж авсан тул Баялалдан хамт дуулцгаа. ЭЗЭН ариун мутраа Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ. Яв, яв. Тэндээс гар! Бузар юманд бүү хүр! Тэндээс гараад, цэвэр бай! ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.
ИСАИА 52:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо. Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун. Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс. Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй. Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа. Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна”. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав. Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав. “Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр «Би энд байна» гэж айлдагч нь Би юм”. Энх амгаланг тунхаглаж, аз жаргалын сайн мэдээг авчран, авралыг зарлаж, “Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэх сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ? Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна. ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно. Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан. ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв. Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ. Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун! Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун. Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна. Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална.