ИСАИА 40:1-14

ИСАИА 40:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун” хэмээн та нарын Бурхан айлдаж байна. Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн. Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНд зориулан зам засагтун. Манай Бурханд зориулан цөлд их замыг тэгш болгогтун. Хөндий бүр өргөгдөж, уул толгод бүр нам болж, барзгар газар нь тэгш, гүдгэр газар тэгш хөндий бологтун. Дараа нь ЭЗЭНий алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв. Нэгэн дуу “Дуудагтун” гэсэнд би “Би юуг дуудах вэ?” гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм. Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно. Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт, хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө. Хэн усыг гарынхаа алганд хэмжиж, тэнгэрийг төөлсөн бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрээр тоолж, уулсыг жинлүүрээр жинлэн, толгодыг хос дэнсээр дэнсэлсэн бэ? Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдан, эсвэл Түүний зөвлөх нь болж, Түүнийг сургасан бэ? Хэнтэй Тэр зөвлөлдөн, хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ? Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?

Хуваалцах
ИСАИА 40 унших

ИСАИА 40:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Ард түмнийг минь тайвшруул, тайвшруул, Бурхан тань айлдаж байна. Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла. Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань Их замыг шулуун болгогтун. Хотгор бүр өргөгдөж, Уул толгод бүр намсаж, Тахир нь шулуун, Энхэл донхол газар нь тэгш тал бологтун. Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, Махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв. Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд Би “Би юуг тунхаглах вэ?” гэв. Махтай бодтой бүхэн нь өвс мэт, Гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс Өвс хатдаг, цэцэг ганддаг. Өргөн түмэн гэгч өвс л юм. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин бидний Бурханы үг мөнхөд байна. Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, Мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, Хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, Мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, Хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө. Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ? Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдаж эсвэл Зөвлөх нь болж Түүнийг сургасан бэ? Тэр хэнтэй зөвлөлдөв? Хэн Түүнд ухаарлыг өгч, Шударга ёсны замыг Түүнд зааж, Мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ?

Хуваалцах
ИСАИА 40 унших