ИСАИА 11:1-10
ИСАИА 11:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ. ЭЗЭНий Сүнс, Мэргэн ухааны ба ухаарлын сүнс, Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс Түүн дээр оршино. Таалал нь ЭЗЭНээс эмээхүйд. Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй, Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй. Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө. Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс. Чоно хургатай хамт амьдран, Ирвэс ишигтэй хамт хэвтэж, Тугал, залуу арслан, тарган мал хамтдаа байж Бяцхан хүү тэднийг удирдана. Үнээ баавгайтай бэлчиж, Үр зулзагууд нь хамт хэвтэж, Арслан нь үхэр шиг, сүрэл иднэ. Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглоно Балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ. Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно.
ИСАИА 11:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана. ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй. Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална. Тэр зөвт байдлыг бүсэлхийгээрээ, итгэмжит байдлыг бэлхүүсээрээ бүсэлнэ. Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана. Үнээ болон баавгай бэлчиж, тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж, арслан нь үхэр шиг сүрэл иднэ. Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож, балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана. Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг мэт босож, үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, алдар нь Түүний амрах газар болно.