ХАБАККУК 3:2-19

ХАБАККУК 3:2-19 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН, Таны алдрыг би сонссон бөгөөд Би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, Энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэлдээ өршөөлөө санаач. Теманаас Бурхан морилон ирж, Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин, Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна. Түүний туяа нь нарны гэрэл мэт юм. Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд Түүний хүч чадал нууцлагдсан. Түүний өмнө тахал явж, Араас нь сүйрэл гамшиг дагадаг. Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, Эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм. Кушаны майхнуудыг зовлон нөмөрч, Мидиан газрын майхнуудын Хөшигнүүд нь чичрэхийг би харлаа. Та морьдоо хөлөглөн Авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь Гол мөрнүүдэд уурссандаа, Эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнээ юу? Нум тань шувт татагдаж, Сумнууд тань тушаалаар тань болжээ. Села Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав. Уулс Таныг хараад доргин чичирч, Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж, Гараа өндөрт өргөлөө. Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, Гялалзах жадны тань туяанд Тэд зайлан одлоо. Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, Уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ. Өөрийн ард түмний аврал болон Тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Буруу хүмүүсийн гэрийн тэргүүнийг Та цохин, Гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села Үй олны тэргүүлэгчийг Өөрийнх нь жадаар Та нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм. Та морьдоороо далай тэнгисийн дээр, Их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ. Намайг сонсоход, дотор минь дэлсэж, Чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, Зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл Би нам гүм хүлээх ёстой. Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана. Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, Намайг өндөр газруудаар минь явуулсан билээ.

ХАБАККУК 3:2-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөд би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэх үедээ өршөөлөө санаач. Бурхан Теманаас морилон ирж, Ариун Нэгэн Паран уулаас заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна. Түүний туяа нь нарны гэрэл мэт юм. Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд Түүний хүч чадал нууцлагдсан. Түүний өмнө тахал явж, араас нь сүйрэл гамшиг дагадаг. Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм. Кушаны майхнуудыг зовлон нөмөрч, Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа. Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь гол мөрнүүдэд уурссандаа, эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу? Таны нум татагдаж, цээрлүүлэлтийн саваанууд амлагдан бэлтгэгдсэн. Села Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав. Уулс Таныг хараад доргин чичирч, ширүүн аадар бороо хаман өнгөрлөө. Газрын гүн дуу чимээгээ гаргаж, гараа өндөрт өргөлөө. Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо. Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ. Өөрийн ард түмний аврал болон тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ. Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин, гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан. Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ. Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм. Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр, их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ. Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой. Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана. Эзэн БУРХАН бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, намайг өндөр газруудаар минь явуулсан билээ. Найрал дууны удирдагчид, миний утсан хөгжим дээр тоглоход зориулав.